МОРИН ЖИЛИЙН ТАНЫ ХЭТЭВЧНИЙ ТӨЛӨВ
2026

Мах, гурил, шатахуун түлшний үнэ өсөх үү. Байрны үнэ буурч, татварын дарамт багасах уу. Энэ бүх асуултад хариулах 2026 оны эдийн засгийн төлөвийг иргэн танд зориулан хүргэж байна.
Татвар нэмэгдэхгүй. Гэхдээ дараах өөрчлөлт орохоор байна.
Хувь хүний орлогын албан татвар
Таны сарын ₮500 мянга хүртэлх орлогыг ХХОАТ-аас чөлөөлнө. Жишээ нь та сарын 2 сая төгрөгийн орлоготой бол эхний ₮500 мянгыг татвараас чөлөөлж, ₮1.5 саяас татвар тооцно.
НӨАТ
Иргэд өмнө нь худалдан авалтынхаа 2 хувийг буцаан авдаг байсан бол энэ дүн нь 2.5 дахин өсөж, 5 хувь болно. Таны сарын сая төгрөг хүртэлх худалдан авалтад тооцох буцаан олголтын хувь хэмжээ 5 хувь болно. Жишээ нь та сард сая, улиралд 3 сая төгрөгийн худалдан авалт хийгээд нэг удаад 60 мянган төгрөгийн буцаан олголт авдаг бол 150 мянган төгрөгийг буцааж авах юм. Гэхдээ НӨАТ-ын энэ шинэчлэлийг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлнэ гэж байсан ч хойшлуулж, аравдугаар сараас эхлүүлэхээр болсон.
НӨАТ-ын буцаан олголт (нэг сарын худалдан авалт)
Эх сурвалж: Сангийн Яам
Өнгөрсөн намар төмсний үнэ 3700 төгрөгт хүртлээ өсөж, улаан буудайн ургацаа алдсан нь хүнсний үнэ өсөхөд нөлөөлсөн. Тэгвэл ирэх намарч энэ байдал давтагдах эрсдэл бий. Мөн 2025-2026 оны өвөл олон жилийн дунджаас хүйтэн болох төлөвтэй. Урьдчилсан тооцоогоор нийт газар нутгийн 25%-д зуд тохиох эрсдэлтэй учраас өвөлжилт, хаваржилт хүндрэх, малын зүй бус хорогдол нэмэгдэж болзошгүй байна.
ДУЛААН, ЦАХИЛГААН, УСНЫ ҮНЭ ӨСӨХГҮЙ
Дулаан болон цэвэр, бохир ус, цахилгааны үнэ 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэх байсныг Засгийн газар дахин нэг жилээр хойшлуулсан. Одоогоор дулааны үнэ нэг м.кв нь ₮506, халуун усны үнэ ₮1870 байгаа юм.
Монголчуудын шатахуун, түлшний импорт(тонноор)
Эх сурвалж: Эдийн Засаг Хөгжлийн Яам
Энэ онд ч бас амаргүй байх төлөвтэй. Ялангуяа, хэрэглээний зээлийн нөхцөл, шалгуур чангарна. Харин бизнесийн зээл олголт нэмэгдэх төлөвтэй.
Хэрэглээний зээл хумигдаж, бизнесийн зээл нэмэгдэнэ
Зээлийн хүүгийн хувьд 2025 оны эцсийн байдлаар иргэдийн зээлийн жигнэсэн дундаж хүү 17 хувьтай байна. Энэ хүүгийн түвшин 2026 онд өндөр хэвээр хадгалагдах төлөвтэй.
Орос, Украины дайнаас шалтгаалан манай улсад шатахууны хомсдол нүүрлэсээр байна. Тэгвэл уг дайн энэ онд дуусах уу. Одоогоор ОХУ, Украины дайныг зогсоох энхийн төлөвлөгөө яригдаж байгаа ч хэлэлцээ удааширч, тохиролцоонд хүрч чадахгүй байна. Энэ зуур АНУ Венесуэльд тусгай ажиллагаа явуулсан нь олон улсын анхаарлыг татлаа. Гэхдээ газрын тосны ханш харьцангуй тогтвортой байна. Харин манай улсын шатахуун түлшний импорт өссөөр байна.
Монголчуудын шатахуун, түлшний импорт(тонноор)
Эх сурвалж: Ашигт Mалтмал, Газрын Тосны Газар
Шатахууны гачаалаас гарахын тулд бид дотооддоо нефтиэ нэрдэг болохоос өөр гарцгүй. Иймд 2028 онд ашиглалтад орох товтой Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй газрын тосны үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулахын тулд монгол хүн бүр сэтгэл, зүтгэлээ нэгтгэх учиртай.
Ипотекийн зээл авахаар удаан хүлээдэг байдал энэ онд ч үргэлжилнэ. Ипотек авах хүсэлтэй иргэд олон мянга байгаа ч сард дунджаар 500 - 1000 гаруй хүн ипотекийн зээл шинээр авч байна. 2026 онд ч ипотекийн зээл олголт энэ түвшинд хадгалагдах төлөвтэй.
Сард дунджаар 500 - 1000 хүн ипотекийн зээл авна
Гэхдээ орон сууцны үнэ ялимгүй буурах боломж бүрдэж байна. Энэ нь хоёр гол шалтгаантай. Нэгд, сүүлийн жилүүдэд орон сууцны үнийн өсөлтийг өдөөж байсан барилгын материалын нийлүүлэлтийн саатал арилж, үнэ нь тогтворжиж байна. Хоёрт, орон сууцны нийлүүлэлт ойрын жилүүдийн дээд цэгт хүрэхээр байна. “Тэнхлэг зууx” компанийн мэдээлснээр орон сууцны нийлүүлэлт энэ онд 34.5 мянгад хүрч, 2025 оноос хоёр дахин өсөхөөр байна. Зах зээлийн хуулиар нийлүүлэлт өсөхөд үнэ буурдаг зүй тогтол бий. Энэ дагуу байрны үнэ ялимгүй буурах төлөвтэй.
Орон сууцны нийлүүлэлт
Эх сурвалж: Тэнхлэг зууч
Төгрөгийн ханш 2026 онд суларна. Гэхдээ 2025 онтой харьцуулахад алгуур буюу 5% орчим сулрах төлөвтэй. Ингэснээр 2026 оны эцэст нэг ам.доллар 3813 төгрөгт тэнцэх төлөвтэйг Хаан банкны Эдийн засгийн төлөв байдлын тайланд дурдсан байна. Төгрөгийн ханшийн дархлаа болдог гадаад валютын албан нөөц 5.88 тэрбум ам.доллар болж, түүхэн дээд түвшинд хүрээд байгаа юм.
Төгрөгийн ам.доллартой харьцах ханшийн төлөв
Эх сурвалж: Хаан Банк
Энэ оны эдийн засгийг ерөнхийд нь дүгнэвэл дорвитой өсөлт, огцом уналтгүй, хэвийн жил болох төлөвтэй. Дотоодын болон гадаадын байгууллагууд манай улсын эдийн засгийн өсөлтийг дунджаар 5-6 хувьд хүрнэ гэж таамаглаж байна. Энэ нь 2025 онтой дүйх дүн юм. Энэ хэрээр хэрэглээний барааны үнэ буюу инфляц тогтворжино. Ялангуяа, 2026 оны хоёрдугаар хагасаас эхлэн инфляц саарч, 7.5 хувьд хүрэх төлөвтэй байна.
ДНБ-ий өсөлт (хувиар)
Эх сурвалж: Хаан Банк
Ирэх онд алт болон мөнгөний үнэ өндөр хэвээр байх төлөвтэй байна. Иймд Goldman Sachs алт, мөнгийг энэ онд авахыг зөвлөж байна.