
Та ногдол ашгаа авсан уу. Одоогоор 140 гаруй тэрбум төгрөгийн ногдол ашиг эзнээ хүлээж байна.
Ийм их мөнгө хаанаас, яаж гараад ирэв ээ гэж үү. Мэдээлэл нь зөрсөн, гадаадад байгаа зэрэг шалтгааны улмаас зарим иргэн 1072 хувьцааны ногдол ашгаа аваагүй. Эдгээр иргэний ногдол ашиг нь хуримтлагдсаар 2025 оны эцсийн байдлаар 145 тэрбум төгрөгт хүрээд байгааг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн мэдээллээс харж болно.
“Эрдэнэс Тавантолгой” компани сүүлийн жилүүдэд дараах ногдол ашгийг иргэд, хувьцаа эзэмшигчдэд олгосон.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг
Эх сурвалж: Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв

Энэ ногдол ашгийг Монгол Улсын 3.4 сая иргэн авах эрхтэйгээс 3.2 сая нь ногдол ашгаа авсан. Харин давхардсан тоогоор 200 мянга гаруй иргэн хэд хэдэн шалтгааны улмаас ногдол ашгаа авч чадаагүй.
Эдгээр иргэний авч чадаагүй ногдол ашиг нь жил бүр ингэж хуримтлагдсаар өмнөх оны эцсийн байдлаар 145 тэрбум төгрөгт хүрээд байгаа нь энэ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тараагдаагүй ногдол ашиг
Эх сурвалж: Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв

Тэгвэл энэ мөнгө одоо хаана байгаа вэ. “Эрдэнэс Тавантолгой” компани нэгэнт олсон ашгаасаа олгох ёстой ногдол ашгаа шилжүүлчихсэн учраас энэ мөнгө одоо “Эрдэнэс Тавантолгой” компанид хамаарахгүй. Харин энэ мөнгө төрийн санд байрлах Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн дансанд байрлаж байна.
Өөрөөр хэлбэл, төрийн санд байршиж байгаа гэсэн үг.
Гэхдээ ийм хэмжээний ногдол ашиг одоо болтол эзэндээ очоогүй байгаа нь "Эрдэнэс тавантолгой" болон төрийн байгууллагуудтай ямар нэг холбоогүй. Харин биднээс буюу өөрсдөөс маань шалтгаалж байгаа.
Иргэдийн регистрийн дугаар, дансны мэдээлэл нь зөрдөг, иргэд банкны дансаа сольдог, зарим иргэний хувьд ямар нэг бүртгэлгүй, банкны дансгүй, хувьцааны дансаа нээлгээгүй зэрэг шалтгааны улмаас ногдол ашиг нь олгогдоогүй байна. Үүнээс дээр нэмээд гадаадад амьдарч байгаа монгол иргэдийг оруулж тооцох хэрэгтэй болно. Монгол Улсын 240 гаруй мянган иргэн гадаадад ажиллаж амьдарч, сурч боловсорч байна. Эдгээр иргэний зарим нь мөн энэ ногдол ашгаа аваагүй байна.
Энэ бол зөвхөн "Эрдэнэс Тавантолгой" компанийн 1072 хувьцаанд ногдох тараагдаагүй ногдол ашгийн дүн. Үүнээс гадна бидний байнга ярьдаг цэнхэр, ягаан тасалбарын ногдол ашгийн тараагдаагүй үлдэгдэл ч бий. Хөрөнгө оруулалтын эрхийн бичиг буюу цэнхэр, ягаан тасалбарын ногдол ашиг 660 орчим сая төгрөгт хүрээд байна. Энэ мөнгийг хууль ёсны эзэмшигч нь аваагүй, хувьцаа эзэмшдэгээ, ногдол ашиг авах эрхтэй гэдгээ мэддэггүй зэрэг шалтгаанаас болоод ийм хэмжээний ногдол ашиг одоо эзэндээ очоогүй хадгалагдаж байна.
Ингээд харахаар хэдийгээр бид чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжээд 30 гаруй жил болж байгаа ч одоо хүртэл энэ зах зээлийн мөнгө олох нэг арга болох хөрөнгийн зах зээлийн талаар, ногдол ашиг, хувьцааны талаар мэдлэг, мэдээлэл дутмаг байна.
Тэгвэл ногдол ашиг гэж юу вэ. Ногдол ашиг гэдэг нь тухай компани ашигтай ажилласан тохиолдолд энэ ашгаа хувьцаа эзэмшигчиддээ хувааж байгаа нэг хэлбэр. Харин иргэд, хөрөнгө оруулагчийн хувьд хэрэв та тухайн компанийн хувьцааг худалдан авч, хөрөнгө оруулалт хийсэн бол энэ хөрөнгө оруулалтынхаа өгөөжийг хүртэж байгаа нэг арга зам юм.
Мөн ногдол ашиг авах нь хувьцаа эзэмшигчийн эдлэх ёстой нэг эрх бөгөөд хувь эзэмшигч нь компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох, хэрэв компани татан буугдвал түүнээс хувь хүртэх зэрэг эрхтэй.
Тэгвэл компани ногдол ашиг тараахыг хэн шийддэг вэ. Тэгэхээр ногдол ашгийг тухайн компани ашигтай ажилласан тохиолдолд л олгоно. Харин алдагдал хүлээсэн бол энэ тухай ярих ямар ч боломжгүй. Гэхдээ зарим компани хэдийгээр ашигтай ажилласан ч ногдол ашиг тараадаггүй. Энэ нь тухайн компани олсон ашгаараа өр төлбөрөө төлөх, өөр төсөлд хөрөнгө оруулалт хийхээр шийдсэн бол ногдол ашиг тараахгүй байж болно гэсэн үг. Үүнийг тухайн компанийн ТУЗ болон хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийддэг.
Харин хэзээ энэ асуудлыг хэлэлцдэг вэ. Тухайн компанийн санхүүгийн улирал болон жил нь дуусаж, компанийн ашиг тодорхой болсны дараа ТУЗ нь хуралдаж, санал гаргадаг. Мөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар бүртгэлийн өдрийг тодорхой болгож, ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийг тодорхойлдог.
Ногдол ашгийг хэрхэн олгодог вэ?

Монгол Улсын компанийн тухай хуульд заасны дагуу хувьцаат компани санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэхээ шийддэг. Өөрөөр хэлбэл, компаниуд тухайн оныхоо хоёрдугаар сарын 20 гэхэд ногдол ашгийн шийдвэрээ гаргасан байх ёстой.
Тэгвэл яг одоо энэ хугацаа өнгөрч, 3 дугаар сар дуусаж, 4 дүгээр сар эхлээд байна. Одоогийн байдлаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 47 хувьцаат компани 2025 онд олсон ашгаасаа нийт 946.5 тэрбумтөгрөгийн ногдол ашиг тараах шийдвэр гаргасан.
Шийдвэрлэсэн ногдол ашиг - Тэрбум
Эхсурвалж: СЗХ

Нийт ногдол ашгийн 90 гаруй хувийг Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй 21 компани бүрдүүлж байна. Тэгвэл эдгээр компаниас хамгийн их ногдол ашгийг дараах 5 компани тараахаар шийдвэрлэсэн.
2025 оны ашгаасаа хамгийн их ногдол ашиг олгох ХК
1. Хаанбанк ХК ₮409 тэрбум
2. ТавантолгойХК ₮165.2 тэрбум
3. АПУ ХК ₮138.2тэрбум
4. Голомт банк ХК ₮64.7 тэрбум
5. Хасбанк ХК ₮50.5 тэрбум
Эх сурвалж: Marketinfo.mn
Энэ мөнгө хэзээ миний дансанд орох вэ. Компани ногдол ашиг тараах шийдвэр гарсны дараа шууд миний дансанд ордог уу. 2024 оны 2 дугаар сард ногдол ашиг тараах ажиллагааг нарийвчлан тогтоохоор болсон. Ингэснээр ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн компаниуд дараа он буюу тараах шийдвэр гаргасан оныхоо 4-р сарын 30-ны өдрөөс өмнө ногдол ашгаа хуваарилж дуусгах ёстой болсон.
Ногдол ашиг таны дансанд яаж ордог вэ?
Компанийн ашиг гарна
↓
Ногдол ашиг тараах шийдвэр гарна
↓
Нэгж хувьцаанд ногдох мөнгө тогтооно
↓
Хувьцаа эзэмшигчдийн бүртгэл тогтооно
↓
Төвлөрсөн хадгаламжийн системээр дамжина
↓
Хувьцаа эзэмшигчийн банкны дансанд орно
Үүнээс гадна ногдол ашиг нь хувьцааны ханштай холбоотой байдаг. Компаниуд хувьцаагаа ханшийн уналтаас хамгаалах, ханш нь унаад байгаа үед энэ уналтыг зогсоохын тулд ногдол ашиг тогтмол тарааж, хувьцаа эзэмшигчдээ урамшуулах хандлагатай байдаг.
Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниуд ар араасаа ногдол ашгийн шийдвэрээ танилцуулж, хувьцаа эзэмшигчдийн хурлын товууд ч эхнээсээ гараад байна. Монголын хөрөнгийн зах зээлийн хамгийн завгүй бас хамгийн оргил үе яг одоо ирээд байна. Хэрэв таны нэр дээр ямар нэг хувьцаа, үнэт цаас байгаа бол яг одоо та өөрийн брокер дилерийн компаниараа дамжуулан болон гар утас, түц машин ашиглан өөрийн үнэт цаасны мэдээллээ шалгаарай.
Эцэст нь нэг зүйлийг хэлэхэд өөрийн хувьцаа, үнэт цаас, түүнд ногдох ногдол ашгаа хамгийн сайн хянаж, хамгийн сайн хамгаалж байх ёстой хүн бол иргэн та өөрөө гэдгийг мартаж болохгүй юм.