
Трамп, Путин, Ши Жиньпин... Тэд хүссэнээ авч чадлаа. Дэлхийн хамгийн нөлөө бүхий хоёр улсын төрийн тэргүүн Хятад улсад хэдхэн хоногийн зайтай айлчилж, урд хөрш ойрын өдрүүдэд олон улсын харилцааны төв цэг боллоо. Эхлээд буюу энэ сарын 14, 15-нд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хятадад айлчилсан бол үүнээс яг дөрөв хоногийн дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Путин тус улсад айлчиллаа.
БНХАУ-д хийсэн айлчлал-2026

Тэгвэл Бээжинд яг юу болсон вэ. Трамп, Путины айлчлалаар Монголд, бидэнтэй хамаатай юу яригдсан вэ. Дэлхий дахинд дайн дажин, хүнсний хомсдол, үнийн өсөлт нүүрлэсэн энэ үед дэлхийн хамгийн хүчирхэг улсуудын удирдагчид уулзсан нь олон улсын анхаарлыг татсан.
Айлчлалаар Украин болон Ираны дайныг зогсоох, Ормузын хоолойг нээх асуудлыг хэлэлцэнэ гэсэн хүлээлттэй байлаа. Тэгвэл энэ асуудлуудыг ярилцсан уу. Трампын айлчлалаас эхэлье.
Д.ТРАМП, ШИ ЖИНЬПИН НАРЫН УУЛЗАЛТ
2017.04 Хоёрт талт уулзалт АНУ-д
2017.07 Их 20-ын уулзалт Германд
2017.11 Төрийн айлчлал БНХАУ-д
2017.12 Их 20-ын уулзалт Аргентинд
2019.06 Их 20-ын уулзалт Японд
2025.10 APEC-ийн чуулган БНСУ-д
Тэс өөр Трампыг бид Бээжинд харлаа. Нүүр дүүрэн инээмсэглэл тордуулж, нүд дүүрэн баясал төрүүлсэн Трамп Бээжинд бууж, хоёр өдрийн турш Хятадад найр тавьж, найрсаг загналаа. Хэдхэн сарын өмнө худалдааны дайныг дахин эхлүүлж, хатуу ширүүн үгээр Хятад руу дайрч байсан Трамп энэ удаад зангаа засаж, бүр Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн магтаад амжсан.
Өөрөөр хэлбэл, энэ удаад MAGA буюу “Америкийг дахин агуу болгоё” хөдөлгөөний тэргүүн, үндсэрхэг үзэлтэй Трамп биш харин түншдээ найр тавьж, ашиг олдог бизнесмен Трампын дүрээр тэр Бээжинд эргэн ирлээ. Ингэж найрсаг зан гаргасны хариуд ч Трамп хүссэнээ авч чадсан.
Айлчлалаар Ираны асуудлаар Хятадтай хэлэлцэж, Ормузын хоолойг нээх асуудлыг хэлэлцэх хүлээлттэй байсан ч үр дүн гарсангүй. Гэхдээ хоосонгүй. Трамп энэ удаагийн айлчлалаар АНУ, Ираны харилцаа хүндэрвэл Хятад улс хөндлөнгөөс оролцохгүй, Иранд зэвсэг нийлүүлэхгүй, мөн хоёр улсын хооронд энхийн хэлэлцээ байгуулбал Хятад зуучлагчаар оролцоно гэсэн амлалтыг урд хөршөөс аваад буцлаа.

Хятадаас ийм амлалт авсан даруйдаа Трамп Иранд хандан нэн даруй Ормузын хоолойг нээхийг шаардаж, хэрэв нээхгүй бол дараагийн арга хэмжээг авна гэсэн хатуухан сануулга өглөө. Хэдийгээр Трампын айлчлалын дараа Ормузын хоолой нээгдээгүй ч тус хоолойг нээх асуудлыг улам наашлуулж, Хятадтай тохиролцоонд хүрч чадлаа.

Мөн Америк, Хятадын хооронд өрнөж байгаа худалдааны дайныг хэлэлцэж, импортын тарифыг нэмэхгүй царцаахаар болсон. Түүнчлэн технологи, үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр боллоо. Ялангуяа, АНУ-аас Хятадыг чиглэх хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхээр болсон нь Доналд Трампын ирэх 11 дүгээр сард болох завсрын сонгуульд бэлдсэн алхам байлаа гэж шинжээчид үзэж байна. Айлчлалаар Хятад улс АНУ-аас шар буурцаг, улаанбуудай, мах зэрэг 17 тэрбум ам.долларын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг авах амлалтыг өгсөн байна.

Ингэж хөдөө аж ахуйн экспортыг нэмэгдүүлснээр Трамп фермерүүдийн саналыг авч, Небраска, Канзас, Охайо зэрэг хөдөө аж ахуйн бүс нутгийн иргэдийн дэмжлэгийг авах боломжтой. Эдгээр бүсэд Трампын хамгийн өндөр санал авдаг хэсэг учраас хөдөө аж ахуйг дэмжих замаар сонгуулийн сурталчилгаагаа хийж чадлаа гэж үзэх шинжээчид байна. Ийнхүү Ираны асуудлаар амлалт авч, ирэх намрын сонгуульд бэлдсэн Трамп энэхүү айлчлалаар санасандаа хүрч чадлаа.
Нөгөө талд Хятад ч гэсэн хоосонгүй, хүссэн хариугаа Трампаас авсан. Хятад Тайванийн асуудалд АНУ хөндлөнгөөс оролцохгүй, Тайванийг Хятадын нэг хэсэг гэдгийг Америк хүлээн зөвшөөрч, үүнд харшилсан ямар нэг үйлдэл хийхгүй гэсэн амлалтыг Трамп Ши Жиньпинд өглөө.

Ийнхүү тэд хүссэнээ авч, хэн хэн нь сэтгэл хангалуун үлдлээ. Өмнө нь улс хоорондын харилцаанд нийтлэг үнэт зүйл чухал үүрэг гүйцэтгэдэг байсан бол өнөөдөр эрх ашиг, ашиг сонирхол гэдэг зүйл илүү чухал болсон нь энэ удаагийн айлчлалаас харагдлаа. Хэрэв их гүрнүүд эрх ашиг, ашиг сонирхол дээр нэгдэж чадвал өнөөдөр дайтаж байсан улсууд маргааш хамтрагчид, холбоотнууд болж болдгийг харж болохоор байлаа.


Тэгвэл Трампын айлчлалаас яг дөрвөн хоногийн дараа урд хөрш дахиад улаан хивсээ дэвсэж, Оросын ерөнхийлөгчийг угтаж авлаа. Трампынх төрийн айлчлал байсан бол Путиных харин ажлын айлчлал байлаа.
Өгөх хүн гэдийж, авах хүн бөхийдөг гэх үг бий. Тэгвэл энэ үг Путины айлчлалаар эсрэгээрээ байлаа. Зарах хүн нь бөхийж, авах хүн гэдийлээ. ОХУ-ын зүгээс Хятадад илүү их газрын тос, хийгээ зарах хүсэлтэйгээ илэрхийлсэн. Украины дайнаас хойш Орос Хятадыг чиглэх эрчим хүчний түүхий эдийн экспортоо нэмэгдүүлсэн. Гэвч дайнд нэрвэгдсэн Орос улс дахиад ч ихийг зарах хүсэлтэй байна. Өөрөөр хэлбэл, тэдэнд мөнгө хэрэгтэй байна.

Үүнтэй холбоотойгоор Монгол Улстай хамаатай нэг асуудал яригдсан нь Монголоор дайрах “Сибирийн хүч-2” хоолой. Хоёр улсын хооронд байгалийн хий дамжуулахдаа “Сибирийн хүч -1” хоолойг одоо ашиглаж байгаа.

Тэгвэл үүн дээр нэмээд “Сибирийн хүч-2” хоолойн ажлыг Оросын тал эрчимжүүлэх саналтай байна. Хэдийгээр уг хоолойн төсөл айлчлалын үеэр хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаж байсан ч айлчлалын дараа харин тодорхой үр дүн гарсангүй. Хоёр тал хоолойгоор дамжих хийн үнэ болон нөхцөл дээр эцсийн тохиролцоонд хүрч чадаагүй гэж зарим судлаачид таамаглаж байна.
Мөн Путины айлчлалын үеэр Хятадын хэвлэлээр “Сибирийн хүч-2” хоолойг ашиглалтад оруулах нь ашиггүй гэсэн мэдээллүүд гарсан бөгөөд “Сибирийн хүч-1” дээр нэмээд “Сибирийн хүч - 2” хоолойг ашиглалтад оруулбал Хятад улс нийт газын хэрэглээнийхээ 60 хувийг зөвхөн ОХУ-аас авдаг болно. Энэ хэрээр Хятад улс хийн салбарт Оросоос улам хамааралтай болно гэж Хятадын тал үзэж байна.

Гэтэл тус улсын хувьд эрчим хүчний салбарт нэг улсаас хэт хараат байхаас зайлсхийдэг бөгөөд олон эх үүсвэртэй байхыг илүүд үздэг байна. Тэр утгаараа Монголоор дамжих “Сибирийн хүч - 2” хоолойн төсөл дээр Хятад улс тун болгоомжтой хандаж байна.
Өнгөрсөн өдрүүдэд дэлхийн хамгийн топ сэдэв байсан Доналд Трамп, Владимир Путины Хятадад хийсэн айлчлалаас бидэнд хамаатай мэдээллийг тоймлон хүргэлээ. Хэдийгээр энэ удаагийн айлчлалаар бидний халаасыг тэмтрэх болсон Иран, Украины дайн, Худалдааны дайныг бүрэн шийдэж чадаагүй ч энэ асуудлууд цаашид хэрхэн үргэлжлэх ерөнхий зураглал, ирээдүйн төлөв харин тодорхой боллоо.
Эцэст нь их гүрнүүдийн удирдагчид олон улсын харилцааг хэлэлцсэн мэт боловч яг үнэндээ тэдний гол сэдэв нь худалдаа, эдийн засаг байлаа. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн ашиг, мөнгө гэдэг зүйл тэдний хамгийн том эрх ашиг болсон нь дахин батлагдлаа.