BusinessUp
Wrapped
4.21.2026 9:19
Төр тэтгэвэр тэтгэмжээ тавьж чадахгүйд хүрлээ

Ирэх сард төр тэтгэвэр тэтгэмж, төрийн албан хаагчдын цалинг тавьж чадахгүйд хүрч магадгүй. Үүнийг төсвийн тоо харуулж байна. Яг одоогийн байдлаар тэтгэвэр тэтгэмж тавьдаг улсын төсөвт урд өмнө байгаагүй том хэмжээний цоорхой үүсээд байна.  

Үндэсний статистикийн хороо хэдхэн хоногийн өмнө энэ оны эхний гурван сарын байдлаарх төсвийн тоон мэдээллийг ил болголоо. Эхний гурван сард  Монгол Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай гарлаа.

Энэ бол урд өмнө байгаагүй их хэмжээний алдагдал. Хэдийгээр өнгөрсөн хугацаанд Монгол Улсын төсөв алдаа оноотой, алдагдалтай явж ирсэн ч энэ оных шиг эхний гурван сард ийм их хэмжээний алдагдал хүлээж байсан удаагүй. 2000 оноос хойш буюу сүүлийн 26 жилийн төсвийг аваад үзэхэд төсвийн алдагдал эхний улиралд ийм өндөр түвшинд хүрч байгаагүй нь харагдана.

Монгол Улсын төсвийн тэнцэл

Эх сурвалж: ҮСХ  

Дээрээс нь 1.3 их наяд төгрөг бол  Монгол Улс бүтэн жилийн хугацаанд буюу оны эцэст хүлээдэг алдагдал. Гэтэл он гараад ердөө эхний гурав сарын хугацаа өнгөрч байхад төсвийн алдагдал ийм өндөр болоод байна. Одоо оны эхэнд 1.3 их наяд төгрөгийг даваад байгаа энэ алдагдал оны эцэст хэд хүрэх вэ. Энэ байдлаараа энэ оны эцэс гэхэд төсвийн алдагдал 3-4 их наяд төгрөгт хүрэх нь. Үүнийг яаж нөхөх, яаж цалин тэтгэвэр тэтгэмжээ тавих вэ гэдэг асуултууд ар араасаа урган гарч байна.

Бас нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд төсвийн алдагдал хамгийн өндөр байсан үе бол 2016 он. Энэ бол манай улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын өмнөх үе. 2016 онд Монгол Улсын эдийн засаг хүндэрч, бид бие даан төсвөө удирдаж чадахгүйд хүрсэн учраас 2017 онд ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсан. Ингэж бид гадны тусламжийг авч байж, эдийн засагтаа эрчимт эмчилгээ хийлгэж, дефольтоос сэргийлж чадсан.  

Тэгвэл үүнээс яг 10 жилийн дараа бид дахиад л ийм нөхцөл байдалтай нүүр тулж байна. Хамгийн ноцтой нь 10 жилийн өмнөхтэй харьцуулахад төсвийн алдагдал одоо хоёр дахин өсөөд байна.

Эх сурвалж: ҮСХ

Энэ байдлаараа бид дахиад л ОУВС-гийн үүдийг тогшиж, дахиад л тэднээс  тусламж авах уу. Ер нь одоо хүртэл бид өөрсдөө улс орноо удирдаж, өөрсдөө төсвийн бодлогоо зөв удирдан чиглүүлж сураагүй гэж үү.

Яг үнэндээ бидний амьдралаас хол мэт санагддаг улсын төсвийн ард нөгөө л хүүхдийн мөнгө, хөгшдийн тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлс, амьдрах орчин гээд та бидний амьдрал яригдаж байдаг.

Хэрэв Монгол Улсыг айл гэж үзвэл улсын төсөв бол энэ айлын төсөв нь гэсэн үг. Гэтэл Монгол гэдэг айлын зарцуулж байгаа зардал нь олж байгаа орлогоосоо өндөр байгаа учраас орлого зарлагын зөрүү үүсэж, тэр нь алдагдал болоод байна. Цаашид зарлага нь орлогоо давсаар байвал энэ айлын санхүү улам хүндэрнэ. Өр зээл тавьж эхэлнэ, үр хүүхдийнхээ сургалтын төлбөр, өдөр тутмын хоол хүнсээ ч авч чадахгүйд хүрнэ. Ийм байдал яг одоо Монгол хэмээх айлд үүсчихээд байна.

Эх сурвалж: ҮСХ

Тэгвэл яагаад төсвийн нөхцөл байдал ийм хэмжээнд хүрэв. Яагаад улсын төсөв бүрдэхээ больчихов оо. Тэгэхээр үүнийг ойлгохын тулд төсвийг ер нь хэн бүрдүүлдэг вэ гэдгийг санах хэрэгтэй болно. Таниас асууя. Төсвийг хэн бүрдүүлдэг вэ. Мэдээж та бид, иргэд, аж ахуйн нэгжүүд, татвар төлөгчид.  Тэгэхээр төсвийн орлого бүрдэхгүй, орлого нь зарлагаа гүйцэхгүй байгаагийн цаана төсвийг бүрдүүлдэг татвар төлөгчдийн санхүүгийн байдал сайнгүй байна гэдэг үг.

Өнгөрсөн хугацаанд иргэд, аж ахуйн нэгжүүд татварын болон төрийн дарамт өндөр байгааг, бизнес эрхлэхэд хүнд байгааг үргэлж хэлсээр ирсэн. Гэвч үүнийг нь төр сонссон ч сонсоогүй юм шиг, мэдсэн ч мэдээгүй юм шиг, эс үйлдэхүй гаргасаар өнөөдрийн нөхцөл байдлыг үүсгээд байна.

Татварын дарамт, авлига, хээл хахуул, хүнд суртлын дарамт гээд энэ олон төрийн дарамт бизнесүүдийн тамирыг нь тасалж, тэвчээрийг нь барж байна. Үүнийг төсвийн тоо ч хэлээд өгнө. Энэ оны эхний гурван сарын байдлаар төсөвт төвлөрдөг орлогын албан татвар 344 тэрбум төгрөгөөр буурсан.

Орлогын албан татвар

Эх сурвалж: Сангийн яам

Ялангуяа, аж ахуйн нэгжүүдийн төлдөг татвар буураад байна. Аж ахуйн нэгжийн орлогод суурилж орлогын албан татварыг тооцдог. Тэгвэл аж ахуйн нэгжийн орлогын албан татвар эхний гурван сард 419 тэрбум төгрөгөөр буурсан байна. Тэгэхээр бизнес эрхлэгчдийн орлого ямар байгаа нь, ер нь манай хувийн хэвшлийн санхүүгийн байдал яг хөрсөнд дээрээ хэр байгаа нь төсвийн тоонуудаас харагдаж байна.

ААНОАТ-ын орлого

Эх сурвалж: Сангийн яам

Төсвийн орлого бүрдэхгүй байгаа учраас Засгийн газар татвар авч, төсвөө бүрдүүлэхийн тулд бизнесүүдэд хугацаа олгосон. Татварын өрийн улмаас данс нь хаагдсан 12 мянган аж ахуйн нэгжийн дансыг нэг сарын хугацаанд нээх шийдвэрийг гаргаад байгаа. Гэхдээ энэ шийдэл мөн үү.

Та бод доо. Татварын өрөнд орж, үйл ажиллагаа нь хүндрээд байгаа аж ахуйн нэгжүүд сарын дотор энэ асуудлаа шийдэж чадах уу. Сарын хугацаа бол шийдэл биш. Зүгээр л аргацаасан, түр амьсгаа авахуулж буй арга.

Төр яг энэ мэтээр аргацаасан, ажил хийж, бизнесийг дэмжсэн болж харагдах гэсэн шийдвэр гаргасаар өдий хүрлээ. Эцэстээ аргацаасан, аргалсан, гал унтраасан энэ байдал нь үнэнд гүйцэгдэж, ядарсан аж ахуйн нэгжүүд туйлдаж, татвар төлөх орлого ч үгүй болоод байна.

Харин яагаад аж ахуйн нэгжүүд ийм хүнд байдалд хүрснийг хэн ч юу ч  ярихгүй байна вэ. Татварын шинэчлэл, бизнесийн орчны реформын тухай ярихаар яг ингэж аргацаасаар байгаад аль ч Засгийн газар бизнест хэрэгтэй нэг ч томоохон реформ хийж чадаагүй. Эцэст нь татвар төлдөг, баялаг бүтээдэг иргэдээ татвараар дарамталж, улстөрчид нь хэдэн талаас нь хэмлэсээр байгаад өнөөдөр Монголд хувийн хэвшил сөхөрч байна, үнэхээр шахагдаж байна.

Харин нөгөө талд төр улам данхайж, төсвийн зардал улам нэмэгдлээ. Сүүлдээ бүр их хэмжээгээр нэмэгдсэн төрийн зардлыг татвар төлөгчид төлж дийлэхгүй байна.

Монгол хэмээх айлын төсөв санхүү хүндэрч, энэ айл үр хүүхдээ тэжээж чадахгүйд хүрэх нь. Гэтэл энэ айлыг удирдана, чиглүүлнэ гэж эрх мэдэлд очсон улс төрчид яг одоо юу ярьж байна вэ. Тэдний амнаас төсөв, улсын орны эдийн засаг гэдэг үг хэр олон гарч байна вэ. Та сайн бодоод үзээрэй.

Newsletter
Follow us on social media and be up to date with the latest happenings.
Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.