
Улаанбаатарын утааг 60 хүртэлх хувиар бууруулах боломжтой нүүрс пиролизийн үйлдвэрийн шавийг тавилаа. Багануурын уурхайд түшиглэн барих энэ үйлдвэр нь 2028 онд ашиглалтад орох юм.
Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд 1.8 сая тонн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас коксон түлш үйлдвэрлэн нийслэлчүүдийн өвлийн түлшний хэрэгцээг бүрэн хангана гэж албаныхан үзэж байна.
Тус үйлдвэр ашиглалтад орсноор Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50-60 хувь бууруулна. Ялангуяа, азотын ислийг 33 хувь, нүүрс төрөгчийн дутуу ислийг 77 хувь тус тус багасгана.

Нүүрс пиролизийн үйлдвэрийн төслийн нийт өртөг 500 гаруй тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. Тэгвэл үүний 30 хувийг “Чингис хаан баялгийн сан” нэгдэл нийслэл хоттой хамтран санхүүжүүлнэ. Харин үлдсэн 70 хувийг нээлттэй сонгон шалгаруулалтаар гадаадаас хөрөнгө оруулалт татаж, бүрдүүлэхээр төлөвлөжээ.

БНХАУ-д хийсэн туршилтаар Багануур уурхайн нүүрс нь импортын хагас коксжсон нүүрснээс илүү чанартай, утаа багатай болох нь батлагдсан байна. Тиймээс Багануурын уурхайг түшиглэн дотоодын стандарт шаардлагад нийцсэн түлш үйлдвэрлэх боломжтой боллоо.
Монгол Улс хагас коксон түлш импортлоход жилд дунджаар 300 орчим тэрбум төгрөг зарцуулдаг байна. Харин үйлдвэрийг барьснаар коксон түлш авахаар гадагш урсгадаг валютын урсгалыг дотоодод үлдээх боломжтой. “Энэ түлшний импортод зарцуулдаг төсвийн татаас болон гадагшаа урсаж байгаа валютын урсгалыг зогсооно” гэж Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ.
Мөн “Чингис хаан баялгийн сан” нэгдлийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай “Нүүрс авахад зарцуулдаг 80-100 сая ам.долларыг дотооддоо үлдээж, Монгол хүний цалин орлого болгох нь чухал” хэмээн хэлсэн юм. Үүнээс гадна энэ үйлдвэр нь эдийн засгийн бусад эерэг нөлөө авчирна. Тухайлбал, 400 гаруй ажлын байр шинээр бий болно. Мөн тус үйлдвэрийн түлш үйлдвэрлэх явцад ялгарах пиролизийн хийгээр 40 мегаватт эрчим хүч үйлдвэрлэж, үүний 26 мегаваттыг нь төвийн эрчим хүчний системд нийлүүлнэ. Тиймээс энэ үйлдвэр нь нэг талаас нийслэлийн агаарын бохирдлыг бууруулж, нөгөө талд, эрчим хүч, ажлын байр, дотоодын эдийн засгийг давхар дэмжих цогц шийдэл гэж үзэж байна.

“Нүүрс пиролизийн үйлдвэр” нь хоёр үндсэн хэсэг, найман блоктой. Үйлдвэрийн гэрээг энэ оны гуравдугаар улиралд багтаан байгуулж, 2028 оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.

Багануурын уурхай нь түүхий эдээ зөвхөн олборлох бус боловсруулж, үйлдвэрлэдэг болохоор зорьж байна. Олон жил яригдсан ч нэгдсэн шийдэлд хүрч чадалгүй явж ирсэн энэ асуудал ийнхүү ажил хэрэг болж, нэгэн чухал төсөл урагшиллаа. Энэ төсөл бодитоор хэрэгжиж чадвал бага өртөгтэй хэрнээ импортын хагас коксон нүүрсээс илүү чанартай нүүрсийг иргэд ашиглах боломжтой болох нь.
Нийслэлд түүхий нүүрс түлэхийг хориглох тогтоол 2019 онд гарч “Эрдэнэс Тавантолгой” ХК иргэдийг угаасан нүүрсээр хангаж эхэлсэн. Гэсэн ч 200 гаруй мянган өрх айлын бодит хэрэгцээг бүрэн хангаж чадаагүй буюу хагас коксжсон нүүрсний импорт үргэлжилсээр ирлээ. Тухайлбал, энэ жил 280 мянган тонн хагас коксон нүүрсийг гадаадаас импортолсон бол 180 мянган тонныг дотоодоос нийлүүлжээ. Иймд утаа багатай түлшийг дотооддоо үйлдвэрлэх шаардлага тулгарсан юм.
