MoneyUp
Тээвэр
7.31.2026 10:18
Төлбөр нэмэгдлээ гээд авто замын чанар сайжрах уу?

Жолооч таны төлдөг олон улс болон улсын чанартай авто замын төлбөр наймдугаар сарын 1-нээс эхлэн 2-5 дахин нэмэгдэнэ. Тодруулбал, суудлын автомашины зам ашигласны төлбөрийг 5000, ачааны автомашиныхыг 20000 төгрөг болгон өсгөхөөр болсон байна.  

Эх сурвалж: ЗТЯ

2025 онд авто зам ашигласны төлбөрөөс 34.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн. Харин зам засварт 72.7 тэрбум төгрөг зарцуулсан болохыг Үндэсний аудитын газрын тайланд дурджээ. 

Эх сурвалж: ЗТЯ
                                                              Нийт авто зам засахад ₮285 тэрбум шаардлагатай 

Иргэдийн тогтмол зорчдог нийт 7957 километр урт замыг бүрэн засварлахад 285 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоолол гарчээ. Улсын төсвөөс үүнд зориулж 47.7 тэрбум төгрөгийн санхүүжилт нэмж олгосон байна.

Улсын хэмжээнд 33 цэгээр дамжуулан авто зам ашигласны хураамж авдаг. Эдгээрийн 16 нь цахимаар, бусад нь уламжлалт аргаар замын төлбөрийг хураадаг байсан бол энэ оны зургаадугаар сараас эхлэн төлбөр хураах цэгүүдийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлсэн байна. 

Авто замын тухай хуульд авто замын засвар, арчлалтын санд найман төрлийн эх үүсвэрээс орлого төвлөрүүлэхээр заасан. Гэвч эдгээрээс зөвхөн “зам ашигласны төлбөр” нь сангийн орлогын цөмийг бүрдүүлдэг байна. 

Технологийн шинэчлэлийн хүрээнд тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд “Ezam.mn” сайт болон “И-Монголиа” системээр дамжуулан нэхэмжлэл хүргүүлдэг болсон. Үүний дагуу замын пост дахь автомашины гарц хүний оролцоогүйгээр буюу ухаалаг системээр ажиллана. Ингэхдээ гарцаар гарах болон ороход эхний 20 удаад нь тус систем автоматаар нээгдэж, зорчигч чөлөөтэй нэвтэрнэ. Ухаалаг гарц хэдий нээгдсэн ч та замын төлбөрөө цаг хугацаанд нь төлөх хэрэгтэй болохыг холбогдох албаныхан сануулж байна. Учир нь төлбөр төлөлгүйгээр, гарцаар нэвтэрсэн тохиолдол 20 удаагаас хэтэрвэл гарц автоматаар нээгдэхгүй. Та төлбөрөө төлж байж нэвтрэх боломжтой болох юм. Мөн иргэд тухайн ондоо багтаан төлбөрөө бүтэн болон хуваан төлж болно.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 24-р зүйлд зааснаар түргэн, шуурхай ажлаа гүйцэтгэж яваа албаныхан буюу онцгой байдал, түргэн тусламж гэх мэт тээврийн хэрэгслийг төлбөрөөс чөлөөлнө. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бүрэн чөлөөлөх зохицуулалт хэвээр үйлчилж байгааг Зам тээврийн яамны Авто замын бодлого, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Д.Оюунбилэг санууллаа. 

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар 2025 оны төсвийг батлахдаа Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Ингэхдээ тээврийн хэрэгслийн албан татварыг гурав, авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлсэн. Ингэснээр өмнөх жилүүдэд 20 мянган төгрөг байсан “приус” авто машины зам ашигласны төлбөр 100 мянга болсон юм.  

Эх сурвалж: НИТХ

Мөн иргэд зам ашигласны төлбөрөө урьдчилж төлбөл 30 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой юм. "Зам, тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ-ын захирал Д.Оюунболдын  мэдээлснээр “замын чанар сайжруулах, замын хөдөлгөөн болон зорчигчдийн аюулгүй байдлыг хангахаар төлбөрийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага гарч байгаа” гэв.  Авто зам ашигласны хураамж, төлбөрийн орлогыг ямар нэг бүтээн байгуулалтад зарцуулдаггүй. Зөвхөн олон улс, улсын чанартай авто замын засварт л энэ төлбөр төвлөрдөг. Тухайлбал орон нутгийн замын нүхэн эвдрэл, замын тэмдэглэгээг сайжруулах, борооны ус зайлуулах шуудууг сэргээх, цэвэрлэх, өвлийн улиралд зам руу цацдаг бодис гэх мэт засварын ажилд зарцуулдаг болохыг онцоллоо. 

Newsletter
Follow us on social media and be up to date with the latest happenings.
Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.