.jpg)
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин энэ сарын 23-25-нд АНУ-д төрийн айлчлал хийхээр болсныг Хятадын Гадаад хэргийн яамнаас албан ёсоор мэдэгдлээ. Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж, худалдааны дайныг хэлэлцэх төлөвтэй байна. Мөн хиймэл оюун болон газрын ховор элементийн асуудлыг хөндөхөөр байгааг олон улсын ажиглагчид онцолж байна.
Хоёр улсын хооронд сүүлийн жил гаруйн хугацаанд импортын тарифын маргаан хүчтэй өрнөсөн. АНУ-аас Хятадын бараанд 145 хувийн импортын татвар ногдуулсан бол Бээжингээс Америкийн бүтээгдэхүүнд 125 хувийн тариф оногдуулсан юм.
Харин 2025 оны тавдугаар сард хоёр улсын төлөөлөгчид Швейцарт уулзаж, импортын өндөр татварыг түр хугацаанд бууруулсан. Улмаар өнгөрсөн наймдугаар сард энэ түр тохиролцоог сунгасан юм.
Худалдааны дайн түр намжаад байгаа ч хоёр улс харилцан өндөр тариф ногдуулсаар байна. Пенсильванийн их сургуулийн тооцоогоор долдугаар сарын байдлаар Хятадын бараанд ногдуулж буй АНУ-ын тарифын дундаж хэмжээ 22.8 хувьтай байгаа нь Америкийн томоохон худалдааны түншүүдээс хамгийн өндөр үзүүлэлт болж байна.
АНУ-ын Хятадтай хийсэн худалдаа 2025 онд 30 хувиар буурсан. Гэхдээ Хятад улс АНУ-ын томоохон худалдаа түнш хэвээр байгаа юм.
Трамп, Ши нарын уулзалтаар хиймэл оюуны талаар ярилцана гэж Америкийн албаныхан мэдэгдсэн. АНУ, Хятад улс шинээр хөгжиж буй энэ салбарт хүчтэй өрсөлдөж байгаа юм. Түүнчлэн уулзалтын үеэр Ираны асуудлыг хөндөж магадгүй гэж шинжээчид үзэж байна.