
Тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалин тавьдаг улсын төсөв 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай гараад байна. Ингэснээр төсвийн алдагдал энэ оны эхний хагасын байдлаар өмнөх оноос гурав дахин өсөөд байгаа нь энэ.

Харин төсвийн орлого 14.6 их наяд төгрөгт хүрсэн бол зарлага 16.7 их наядыг даваад байгааг ҮСХ мэдээлж байна.

Энэ хугацаанд улсын төсвийн орлого өмнөх оноос 10 хувь өссөн бол зарлагын өсөлт үүнээс хоёр дахин өндөр буюу 20 хувиар нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, төсвийн орлогын өсөлт зарлагаа гүйцэхгүй байна. Төсвийн зарлага өсөхөд хөрөнгийн болон бараа үйлчилгээний зардал тус бүр нэг их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.
Цар тахалтай 2020 оныг эс тооцвол Монгол Улсын төсөвт ийм том “цоорхой” үүсэж байгаагүй юм. 2020 онд төсвийн алдагдал 2.19 их наяд төгрөгт хүрч байжээ.