
Улаанбаатар хотод үүрийн 04:00 цаг болж байна. Бид Чингэлтэй дүүргийн 11-р дүгээр хороо, “Хүчит шонхор” зах дээр ирээд байна. Хот бүхэлдээ нойрсож байгаа яг энэ үед нэг газарт арилжаа наймаа ид явагдаж, амьдрал буцалж байдаг. Энэ бол “Хүчин шонхор” зах.
Тус зах дээр бууж байгаа махны бөөний үнийн хувьд үхрийн мах 21-22 мянган төгрөгийн хооронд байна. Гэхдээ чанараасаа хамаараад харилцан адилгүй байна. Ялангуяа сайн чанарын, үхрийн гуяны цул мах зарим тохиолдолд 24 мянган төгрөгөөр бууж байна. Харин хонины махны бөөний үнэ 20, 21 мянган төгрөгийн үнэтэй байна. Бөөндөөд авбал 19500-гаар өгч байгаа худалдаачид ч байна. Ямааны махны үнэ 14-15 мянган төгрөгийн хооронд байна. Энэ бол үүрийн 4-5 цагийн орчмын үнэ.
Махны бөөний үнэ –“Хүчит шонхор” зах
Үүрийн 04 цагт

Харин бөөний худалдаачид махны үнийн өсөлтийн шалтгааныг дараах байдлаар тайлбарлаж байна. Аймгийн төвүүдэд махны үйлдвэр олон нэмэгдэж, гадаадад экспорт хийх нь ихэссэн. Мөн Улаанбаатар хотод малчдын зах нээгдэж, өнгөрсөн намар чанар муутай махны үнийг буулгахгүйгээр, өндөр үнээр борлуулсан нь энэ хавар махны үнэд нөлөөлсөн гэж "Хүчит шонхор" захын худалдаачид тайлбарлаж байна.
Мэдээж , үнэ бол эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр дээр тогтдог. Зах зээлийн нөхцөл байдлыг илэрхийлдэг. Гэхдээ бидний авдаг цалин хөлстэй харьцуулаад үзэхэд махны ханш өндөр байна. Монголчууд 600 ам.доллар буюу хоёр сая төгрөгийн цалин авдаг. Харин 10 ам.доллар буюу 30 мянган төгрөгийн үнэтэй мах авдагг. Гэтэл АНУ-д үхрийн мах Монголтой адилхан буюу 10-20 ам.долларын ханштай байдаг. Гэхдээ АНУ-ын дундаж цалин 6000 ам.доллар буюу 18 сая төгрөгийн цалинтай. Ингээд харахаар бидний авч байгаа цалин хөлс, орлоготой харьцуулаад үзэхэд одоогийн махны ханш бол яах аргагүй өндөр байна.
Мах ба дундаж цалин

Монголчуудын хувьд мах бол бусад хүнстэй адилгүй. Хоол хүнснийх нь гол хэрэглээ учраас айл өрхийн санхүүд бодитой бөгөөд жинтэй нөлөө үзүүлдэг. Үүнийг тоон үзүүлэлтүүд ч батална. Үндэсний статистикийн хорооны тооцоогоор монгол айл өрхүүд нийт зардлынхаа 30 хувийг хүнсэнд зарцуулдаг байна. Үүний буюу нийт хүнсэнд зарцуулж байгаа мөнгөнийхөө 30 хувийг зөвхөн маханд зарцуулдаг байна. Махны үнийн өсөлт айл өрхийн санхүүд ямар том нөлөө үзүүлж, ямар том дарамт болдог нь эндээс харагдаж байгаа юм.
Мах ба өрхийн зардал

Дотоодоос гадна гадаад зах зээлийн хувьд махны экспорт өнгөрсөн онд нэмэгдсэн. 2025 онд махны экспорт 17 хувиар өсөж, 314 сая ам.долларт хүрсэн байна.
Махны экспорт

Ялангуяа үхэр болон адуу мах 45 хувиар өссөн. Гэхдээ зөвхөн махны экспортын энэ өсөлт дангаараа дотоодод махны ханш нөлөөлсөн үү гэвэл энэ өрөөсгөл. Яагаад гэвэл жилийн жилд Монгол Улс тодорхой хэмжээний махыг гадагшаа экспортолдог юм.
Адуу, үхрийн мах

Нөгөө талд, махны үнийг тогтворжуулахын тулд төрөөс авч байгаа арга хэмжээнүүд, тухайлбал, нөөцийн мах. Ийм үйл ажиллагаанууд, энэ оролдлогууд үнэхээр үр дүнгээ өгч байгаа эсэхийг дахин бодолцох хэрэгтэй болж байна.
Энэ хавар махны үнэ ийнхүү өссөн нь ганцхан шалтгаантай биш бөгөөд махны нийлүүлэлт, шатахуун түлшний үнийн өсөлт болон тасалдал, бусад өртөг зардлууд нэмэгдсэн, улирлын нөлөө зэрэг хэд хэдэн шалтгаан зэрэг давхацсан учраас махны үнэ огцом өсөөд байна.
Гэхдээ сая хэлсэн шалтгаанууд нь богино хугацааны нөлөө. Харин урт хугацаандаа бид хот суурин газрын махны эрэлтийг тогтвортой хангахын тулд хөдөө аж ахуйн салбарыг шинэчлэх, үр ашигтай болгох, тооноос илүү чанарт суурилсан тогтолцоог бий болгох нь чухал байна. Эс бөгөөс жил бүрийн хавар махны үнэ огцом өсөж, дараа жилийн хавар бид 30 мянгаар биш 50 мянгаар мах авдаг болох вий.