
Үнийн өсөлт, ханшийн уналт хоёр энэ хавар Н.Учралын Засгийн газрын шандсыг сорино. Эрх баригч намын дарга, УИХ-ын дарга, одоо ерөнхий сайд... Н.Учралын улс төрийн замнал сүүлийн хэдэн сар үнэхээр шулуун дардан байлаа. Ардын намын ах нар нь өнгөрсөн хавраас хоёр хуваагдаж, Н.Учрал ах нарынхаа зодоон, ашиг сонирхлын түйвээн дундуур чимээгүйхэн гэтсээр энэ өндөрлөгт ирлээ.
Зарим хүний хүсээд ч, хичээгээд ч суудаггүй суудал дээр тэр улс төрийн ширүүн тэмцэлд орж, хохирол амсалгүйгээр үймээнийг ашиглан эрх мэдэлд хүрч чадлаа. Хэрэв улс төрийг өрөг гэж үзвэл энэ өрөг дээр тэр үнэхээр азтай байна. Харин өргийн нөгөө тал болох эдийн засгийг харвал энэ өрөг түүнд тийм ч амархан бас тийм ч ээлтэй байхгүй нь бололтой. Учир нь энэ өрөг дээр тоглохын тулд Н.Учралд ухаан хэрэгтэй.
Тэгвэл Н.Учралыг ямар эдийн засаг угтаж байна вэ. Үнийн өсөлтөөс эхэлье. Энэ хавар барааны үнэ өснө. Учир нь үнэ өсөх нэг биш нэлээн олон суурь нөхцөл яг одоо бүрдчихээд байна.
Нэгд, Ираны дайнаас үүдэлтэйгээр газрын тосны үнэ өсөж, сүүлийн 4 жилийн дээд цэгт хүрсэн. Газрын тос бол зүгээр нэг бүтээгдэхүүн биш бөгөөд бүх төрлийн бараа, үйлчилгээний үнийн суурь болдог. Тиймээс шатахууны үнэ өсөхөд талхнаас эхлээд таксины үнэ хүртэл, бүр үсчин хүртэл үнээ нэмдэг.
Брент төрлийн газрын тосны ханш

Тэгвэл олон улсад газрын тосны үнэ өссөн учраас манайд дизель түлш болон зарим төрлийн шатахууны үнэ өсөхөөр байна. Ялангуяа дизель бол хөдөө аж ахуй, аж үйлдвэр зэрэг чухал салбаруудын гол түүхий эд. Тийм учраас хөдөө аж ахуйн салбарыг үнийн өсөлтөөс хамгаалахын тулд энэ хаврын тариалалтад ашиглах 10,000 тонн дизель түлшний үнийгнэмэхгүйгээр олгохоор болсон. Гэхдээ дизелийн үнийн өсөлт хөдөө аж ахуйгаасгадна бусад бүх салбарт нөлөөлөх нь. Тэр дундаа, дизель түлш нь уул уурхай, аж үйлдвэр, барилга, тээврийн салбарын гол тэжээл нь болдог.
Дизелийн үнэ өсөхөөр энэ салбарын компаниудын зардал нэмэгдэнэ. Зардал нь өссөн учраас компаниуд бараа, үйлчилгээний үнээ нэмнэ. Ингээд эцсийн хэрэглэгч буюу иргэд дээр үнийн өсөлт ирнэ.
Газрын тосны ханш 20 хувиар өсөхөд манайд инфляц нэг хувиар нэмэгддэг гэсэн тооцоог Эдийн засаг, хөгжлийн яамнаас гаргасан байна.
Газрын тосны үнийн өсөлт Монголд хэрхэн нөлөөлөх вэ?

Гэхдээ газрын тос бол хүнсний үнэ өсөх хамгийн том шалтгаан биш. Тосноос илүү том нөлөөг нэг түүхий эд үзүүлэх нь. Энэ бол бордоо. Ормузын хоолой хаагдсанаар зөвхөн газрын тос гэлтгүй бордооны нийлүүлэлт тасарсан. Учир нь энэ хоолойн цаана байрлах Иран, Катар, Саудын Араб улс нь дэлхийн бордооны зах зээлийн том тоглогчид.
Жишээ нь дэлхийн хамгийн түгээмэл арилжаалдаг Urea бордооны тээвэрлэлтийн гуравны нэг нь Ормузын хоолойгоор дамждаг.
Ираны дайн ба бордооны зах зээл

Гэтэл энэ бүсээс ирэх бордооны нийлүүлэлт хаврын тариалалт ид эхэлж байгаа энэ үед тасарсантай холбоотойгоор бордооны үнэ тэнгэрт хадаад байна. Жишээ нь Urea бордооны үнэ дайнаас өмнө 400-490 ам.долларт байсан бол одоо 700 ам.долларт хүрсэн. Ингэснээр Urea бордоо болон аммонийн нитратын ханш 20-50 хувиар өссөн байна.
Urea бордооны ханш

Энэ нь бидний хүнсний үнийг өсгөх нь. Яагаад гэвэл бидний бордоо авдаг Орос улс хаврын тариалалтын үеэр дотоодын хэрэгцээгээ хангахын тулд аммонийн нитратын экспортоо 3-р сарын 21-нээс 4-р сарын 21 хүртэл түр хугацаанд зогсоогоод байгаа. Монгол Улс нь ОХУ-ын аммонийн нитратын нийт экспортын 3.3 хувийг бүрдүүлж, 30 сая ам.доллароор энэ бордоог авдаг.
Тэгвэл хаврын тариалалттай зэрэгцээд манайд бордооны асуудал хүндрэх нь. Ургамлын тэжээл болдог бордооны олдоц муу, оллоо гэхэд өндөр үнээр бордоо авахаас өөр сонголтгүй болж байна.
Гэтэл бордоо нь хөдөө аж ахуйн зардлын20–30 хувийг бүрдүүлдэг учраас бордооны үнийн өсөлт эргээд хүнсний үнийг өсгөж, та бидний халаасанд нөлөөлөх нь.
Дахиад нэг асуудал. Аммонийн нитрат нь зөвхөн хөдөө аж ахуйн орц биш, уул уурхайн тэсрэх бодисын үндсэн түүхий эд. Гэтэл энэ түүхий эдийн нийлүүлэлт буурвал манай мөнгө олдог гол салбар болох уул уурхайн салбар хүндэрнэ. Наанадаж, аммонийн нитратын үнэ өссөнөөр уул уурхайн компаниудын зардал нэмэгдэж, олборлолт тасрах эрсдэлтэй. Ингээд экспортын орлого, түүнийг дагасан төсвийн орлого гээд Монголын эдийн засагт ар араасаа цохилт ирнэ.
Үүнээс гадна үнэ өсөх дараагийн шалтгаан нь Хятад. Газрын тосны үнийн өсөлтийг дагаад дэлхий даяар бараа, тээврийн зардал өсөж байна. Энэ хэрээр бидний гаднаас импортолж авдаг бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөөр байна. Үүний тод жишээ нь манай худалдааны хамгийн том түнш болох Хятад улс. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд урд хөрш үнийн уналттай нүүр тулж, тус улсад инфляц биш дефляц нүүрлэсэн. Хэрэв та анзаарсан бол Хятадаас авдаг бэлэн хувцас, ахуйн барааны үнэ өсөөгүй. Энэ нь эргээд манайд үнэ тогтворжиж, инфляц саарах нэг шалтгаан болсон.
БНХАУ-ын хэрэглээний үнийн индекс (хувиар)

Гэтэл буураад байсан үнэ Хятадад эргээд өсөөд эхэллээ. Сүүлийн хоёр сар дараалан үнийн өсөлт эрчимжиж, цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна.
БНХАУ-ын инфляц

Гэтэл бид гаднаас авдаг нийт импортынхоо 40 гаруй хувийг Хятадаас авдаг. Жимс ногоо, бэлэн хувцас, ахуйн бараа, техник тоног төхөөрөмж гээд гээд ямар олон бүтээгдэхүүнийг бид Хятадаас авдгийг та мэднэ.
Монгол Улсын импорт

Энэ мэт хэд хэдэн шалтгаанаас болоод үнийн өсөлт энэ хавар, зун бидний халаасыг сэгсрэх нь. Үүнийг шийдэх, үнийн өсөлтийг иргэдийн нуруун дээр илүү хүнд ачаа болохоос сэргийлэх нь Н.Учралын хийх ёстой хамгийн том ажил болж байна.
Гэхдээ түүнийг хүлээж буй сорилт ингээд дуусахгүй. Дараагийн сорилт нь валютын ханшийн уналт. Газрын тосны үнэ өсөхөд манайд ам.долларын ханш өсдөг.
Монгол шиг газрын тосны бүтээгдэхүүнээ 100 хувь импортоор авдаг улсын хувьд шатахуун түлшний үнийн өсөлт нь зөвхөн барааны үнийг өсгөөд зогсохгүй дагаад валютын ханшид дарамт болдог. Яагаад вэ. Үүнийг ойлгохын тулд эхлээд Монгол Улсын гаднаас авдаг импортын мэдээллийг харах хэрэгтэй болно. Ер нь бид юунд хамгийн их валют зарцуулдаг вэ.
Бид шатахуун түлш авахад хамгийн их валют гадагшаа гаргадаг. Энэ төрлийн бүтээгдэхүүн манай улсын нийт импортын 19 хувийг бүрдүүлж байна.
Монгол Улсын импортод эзлэх хувь

Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүн худалдан авахад жилд 2.1 тэрбум ам.доллар зарцуулдаг. Энэ нь манай валютын гадагшлах урсгалд том нөлөө үзүүлдэг. Хэрэв энэ бүтээгдэхүүний үнэ өсвөл дагаад бидний гадагшаа гаргах валютын хэмжээ улам нэмэгдэнэ гэсэн үг.
Монгол Улсын шатахуун түлшний импорт

Шатахуун түлшний импортыг задлаад харвал иргэдийн өргөн хэрэглэдэг АИ-92-ийн үнэ энэ он дуустал тогтвортой байна. Гэхдээ АИ-92 нь нийт шатахуун түлшний импортын 28 хувийг бүрдүүлдэг. Харин дийлэнхийг нь буюу 60 гаруй хувийг дизель түлш бүрдүүлдэг. Гэтэл дизель дээр бид ямар нэг үнэ тогтворжуулах гэрээгүй учраас олон улсын зах зээлийн үнийн өсөлтийг даган илүү өндөр үнээр түлш авч таарна.
Шатахуун түлшний импортын бүтэц

Ингээд эхлэхээр дизель түлшинд зарцуулах мөнгөн дүн өсөж, энэ хэрээр гадагшаа урсгах валютын урсгал нэмэгдэнэ гэсэн үг. Ингэснээр гадаад валютын нөөцөө ч сэгсрээд дуусгаж магадгүй.
Гадаад валютын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрээд байна.
Гадаад валютын албан нөөц

Гэтэл гадаад валютын нөөц бол таны халаасан дахь төгрөгийн дархлаа болж, төгрөгийн ханш ямар байхыг тодорхойлдог. Тиймээс энэ нөөц нимгэрэхийн хэрээр төгрөгийн ханш сулрах эрсдэлтэй.
Энэ онд ам.доллартой харьцах төгрөгийн ханш 5 хувиар суларч, нэг ам.доллар оны эцэст 3813 төгрөгтэй тэнцэх төлөвтэйг Хаанбанкны Эдийн засгийн төлөв байдлын тайландаа дурдсан.
Төгрөгтэй харьцах ам.долларын ханш

Зарим эдийн засагчийн тооцоогоор энэ нөхцөл байдал энэ хэвээрээ үргэлжилбэл 2026 онд эдийн засгийн өсөлт саарч, төгрөгийн ам.доллартой харьцах ханш багадаа 4 хувиар сулрахаар байна.
Үнэ өсөж, валютын ханш сулрах эдийн засгийн хямрал яг одоо Н.Учралыг хаалгыг тогшиж байна. Гэвч энэ аюултай хямралын талаар ярьж байгаа улстөрч өнөөдөр Монголд байна уу. Авдаг цалин нь амьдралд нь хүрэхээ болоод ирэхийн цагт ард түмэн улстөрчдөд хариуцлага тооцдог.
Ардын намын өмнөх дарга Л.Оюун-Эрдэнэ улс төрийн өрөг дээр ямар том нөлөөтэй байлаа. Тэр энэ өрөг дээр ялалт байгуулж байсан. Гэвч тэр эдийн засаг гэх өргийг умартаж, буруу бодлого явуулсан. Төсвийг их хэмжээгээр тэлж, иргэдийн цалин орлогыг цаас болгосных нь хариуд иргэд түүнд хариуцлага тооцсон. Өнгөрсөн 4 жил тасралтгүй өссөн барааны үнэ дахиад нэмэгдэх нь. Харин та түүнийг даван туулж чадах уу.
Эдийн засгийг үл тоосны гор нь гарч, иргэдийн хоногийн хоол, талхны үнэ өсөөд эхлэхийн цагт огцрох ямар амархан байдгийг одоогоос яг жилийн өмнөх түүх бидэнд харуулсан. Ийм тавилан Н.Учралыг угтахгүй гэх баталгаа алга. Огцруулахад амархан.