
Сар орчмын өмнө хаа холын Персийн буланд эхэлсэн дайн өнөөдөр таны халаасыг тэмтэрч эхлэх нь. 2026 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр АНУ, Израил хамтран Иран руу цохилт өгсөн нь олон улсын зах зээл дээр газрын тосны ханшийг өсгөж, Ормузын хоолойг хаагдахад хүргэлээ.
Дайнаас өмнө олон улсын зах зээлд газрын тосны ханш 72 ам.доллартой тэнцэж байсан бол өнөөдөр 100 ам.долларыг даваад байна. Хэдийгээр ханшийн савлагаа их байгаа ч газрын тосны ханш сүүлийн дөрвөн жилийн дээд цэгт хүрээд байна.

Энэ дайн дэлхийн газрын тосны ай сав болох Ойрх Дорнодын бүс нутагт болж, дайнд Иран улс татагдан орж байгаа нь олон улсын зах зээл дээр түүхий тосны ханшийг өсгөж байна. Гэхдээ энэ нь газрын тосны ханшийг огцом өсгөж байгаа гол шалтгаан биш. Учир нь Иран улс газрын тосны зах зээлд төдийлөн том байр суурь эзэлдэггүй бөгөөд тус улс дэлхийн нийт олборлолтын ердөө 3.5 хувийг бүрдүүлдэг.
Тэгвэл юу газрын тосны ханшийг ингэтэл нь өсгөөд байна вэ. Энэ дайнтай холбоотойгоор дэлхийн хамгийн чухал стратегийн усан замуудын нэг болох Ормузын хоолой хаагдсан нь газрын тосны зах зээлийг доргиож байна.

Энэ хоолойн хойд эргийг Иран улс хяналтдаа байлгадаг. Тийм учраас Иран улс энэ хоолойд цэрэг болон стратегийн нөлөөллөө бэхжүүлж, Ормузын хоолойг ашиглан олон улсын харилцаанд томоохон давуу талыг авсаар ирсэн юм. Энэ удаад ч ялгаагүй, стратегийн гол хөзөр болох Ормузын хоолойгоо ашиглан, Америк, Израилд шаталт үзүүлэх гэж оролдож байна. Гэхдээ энэ алхам нь зөвхөн АНУ, Израилд төдийгүй дэлхийн улс төр, эдийн засагт томоохон дарамтыг бий болгож, тээврийн гацаа, түүхий эдийн тасалдал зэрэг олон асуудлыг дагуулаад байна.
Ялангуяа, Ормузын хоолой хаагдсан нь манай бүс нутагт буюу Азийн орнуудад хүчтэй нөлөөлж байна. Учир нь энэ хоолойгоор дамждаг газрын тос, байгалийн хийн нийлүүлэлтийн 84 хувь нь Азийг чиглэдэг. Гэтэл энэ бүс нутгийн тээврийн гол зангилаа нь хаагдсантай холбоотойгоор Азийн орнуудад газрын тос болон бусад төрлийн түүхий эдийн тасалдал болон үнэ өсөх эрсдэл нүүрлэлээ.
Энэ манай улсад ч хамаатай. Тэгэхээр Ираны дайн бидэнд яаж нөлөөлөх талаар ярилцахаасаа өмнө эхлээд Монгол Улсын шатахуун, түлшний импортын тоон мэдээлэлтэй танилцъя. Монгол Улс шатахуун түлшээ 100 хувь импортоор авдаг бөгөөд нийт импортын 95 хувийг ОХУ-аас авдаг. Тэр утгаар энэ дайны нөлөө Монгол Улсад харьцангуй бага мэт харагдаж болох юм. Гэвч тийм биш.

Бид газрын тосны бүтээгдэхүүн худалдан авахад жилд дунджаар 2.1 тэрбум ам.доллар зарцуулдаг. Энэ нь Монгол Улсын нийт импортын 18 хувийг бүрдүүлдэг байна.

Импортод эзлэх шатахуун түлшний хувь
Нийт импорт $11.3 тэрбум
Шатахуун түлшний импорт $2.1 тэрбум (18%)
Эх сурвалж: ГЕГ
Үүнээс иргэдийн өргөн хэрэглэдэг АИ-92 бензин нь нийт шатахуун түлшний импортын 28 хувийг бүрдүүлдэг. АИ-92 дээр Монгол Улс ОХУ-ын Роснефть компанитай 2027 он хүртэл тогтвортой үнээр худалдан авах гэрээ байгуулсан. Тийм учраас олон улсын зах зээл дээр газрын тосны үнэ өссөн ч бид тогтвортой үнээр авах гэрээтэй учраас оросоос авдаг АИ-92-ийн үнэ харьцангуй тогтвортой байх төлөвтэй. Мөн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас ойрын 3 сардаа АИ-92-ийн үнэд өөрчлөлт орохгүй гэж мэдэгдсэн. Гэхдээ сайн чанарын буюу Евро-5 стандартын бензин, түлшний үнэ хэлбэлзэх магадлалтай байгааг салбарын яамнаас мэдэгдэж байгаа юм. Тэр дундаа дизель түлшний үнэ.

Манай улсын шатахуун түлшний нийт импортын 63 хувийг дизелийн түлш бүрдүүлдэг. Монгол Улс уул уурхай, хөдөө аж ахуйд суурилсан орон учраас энэ салбаруудын гол тэжээл болох дизелийн түлшний хэрэглээ өндөр. Гэхдээ дизель түлш болон бусад төрлийн бүтээгдэхүүн дээр ямар нэг үнэ тогтворжуулах гэрээ байхгүй учраас газрын тосны үнийн өсөлтийг даган манайд дизелийн түлшний үнэ өсөх төлөвтэй байна.
Өөрөөр хэлбэл, Ираны дайны нөлөө Монгол Улсыг тойролгүй дайрах нь. Хэдийгээр бид шатахуун түлшээ оросоос авдаг ч түүнийг авахдаа Сингапурын биржийн үнээр тооцдог. Сингапурын биржийн үнийн жишиг индексийг зөвхөн Монгол төдийгүй Азийн орнууд ашигладаг. Харин энэ индекс нь олон улсын газрын тосны жишиг болох брент төрлийн газрын тосны үнэ дээр суурилж, ханш нь хөдөлдөг байна.
Тэгэхээр олон улс дээр яг одоогийнх шиг брентийн ханш өсөхөд түүнийг дагаад Сингапурын биржийн жишиг үнэ өснө. Ингээд энэ өсөлтийг даган бидний импортлон авдаг шатахуун түлшний үнэ өсөж, улмаар та бидний өдөр тутам худалдан авдаг шатахуун түлшний жижиглэнгийн үнийг өсгөдөг байна.
Бид шатахуун түлшний хэрэгцээгээ бүрэн импортоор хангадаг учраас олон улсын зах зээл дэх ханшийн өөрчлөлт нь тодорхой хугацааны дараа манайд шууд нөлөө үзүүлдэг гэсэн үг. За жишгийн дагуу өнгөрсөн хоёрдугаар сард эхэлсэн дайн болон түүнээс улбаалсан газрын тосны ханшийн өсөлт нь манайд ирэх өдрүүдэд нөлөөлж эхлэх нь.
Гэхдээ энэ дайн зөвхөн Монголд төдийгүй дэлхий дахинд эрчим хүч, энергийн түүхий эдийн үнийг өсгөж байна. Цаашлаад шатахуун түлш нь бүх төрлийн бараа, үйлчилгээний үнийн суурь болдог учраас эргээд энэ өсөлт нь инфляцыг өдөөж, бараа бүтээгдэхүүний үнийг өсгөж магадгүй байна.
Ираны дайн сунжрахын хэрээр инфляц хэмээх нэг эрсдэл дахиад дэлхий дахиныг нөмрөн авч магадгүй байна. Тийм учраас санхүү, мөнгөний бодлого тодорхойлогчид, төв банкууд нөхцөл байдлыг тун анхааралтай ажиглаж байна. Энэ дайн сунжрах тусмаа дэлхийн эдийн засагт сорилт болох нь.
Тэгвэл хэр удаан үргэлжлэх вэ. Одоо бол хэдийн сар орчмын хугацаа өнгөрөөд байна. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсетийн мэдэгдсэнээр энэ дайн ойролцоогоор 6-8 долоо хоног буюу 40-60 хоног үргэлжлэх төлөвтэй. Гэхдээ одоогийн нөхцөл байдлыг харвал богино хугацаанд энэ дайн дуусах төлөв байдал ажиглагдахгүй байна.
Тэгвэл цаашид яах бол. Энэ асуултад хариулахын тулд дайтагч талуудын хүсэл сонирхол ямар байгааг ойлгох хэрэгтэй болно. Иранаас эхэлье. Өмнө нь хэд хэдэн удаа Израил болон АНУ-тай байлдаан хийж байсан Ираны хувьд пуужингийн бааз, дрон зэрэг технологийн нөөц хангалтай байгаа учраас энэ дайныг үргэлжлүүлэх сонирхолтой гэж олон улсын судлаачид үзэж байна. Мөн Израил ч нь ялгаагүй, Ираны эсрэг хариу арга хэмжээ авч, дайнд Арабын орнууд тэр дундаа Саудын Араб, АНЭУ-ыг татан оролцуулж, энэ дайны эцсийн цэгийг нь тавих сонирхолтой.
Харин АНУ-д тийм сонирхол байгаа юу. Тэгэхээр олон улсын харилцааны судлаачдын тайлбарлаж байгаагаар Америк хэдхэн өдрийн дотор Ираныг хяналтдаа оруулна гэж тооцсон. Гэвч өмнө нь хэд хэдэн удаагийн байлдаанд орсон Ираны улс бэлтгэлээ сайтар байсан учраас энэ дайн өдий хүртэл үргэлжилж байгаа гэж судлаачид хэлж байна. Өөрөөр хэлбэл, Америк анхнаасаа Ираныг дутуу үнэлсэн. Тэдэнд дайныг үргэлжлүүлэх сонирхол байхгүй. Энэ нь тус улсын мэдэгдлүүдээс харагдаж байгаа.
Тухайлбал, АНУ Ираны эсрэг хоригийг зөөлрүүлэх хувилбарыг судалж байгаа талаар АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент мэдэгдсэн байна. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп цэргийн ажиллагааг аажмаар хумих боломжийг дурдсан нь Вашингтон урт хугацааны дайн хүсэхгүйг харуулсан бас нэг баталгаа болж байгаа юм.
Үүнээс үзэхэд энэ дайн ойрын хэдэн өдөрт дуусахгүй ч Орос, Украины дайн шиг олон жил үргэлжлэхгүй байх магадлалтай. Гэхдээ дайныг дипломат арга замаар шийдэх шийдэл олдохгүй бол дайтагч талуудын стратегийн нүүдлүүд ихсэж, асуудал улам гүнзгийрч магадгүй байгаа. Товчхондоо энэ дайн сунжрахын хэрээр дэлхий дахины нөхцөл байдал улам дордох нь. Дайн дахиад нэг сар үргэлжилнэ гэсэн таамаг давамгайлж байна.