NewsUp
•
Explained
•
10.13.2026 13:42
АҮЭБЯ: Он дуустал шатахуун хомсдоно 

‍

‍

Ирэх 11, 12 дугаар сард Монгол Улсад шатахууны нийлүүлэлт багасах төлөвтэйг АҮЭБЯ-ын дэд сайд Б.Мөнхтамир мэдэгдлээ. Учир нь ОХУ-д дайны улмаас газрын тосны үйлдвэрүүдийн үйл ажиллагаа зогссоноос үүдэн шатахууны үнэ өсөж, нийлүүлэлт багассан. Тиймээс урд хөрш болон гуравдагч хөрш орнуудаас шатахууны нийлүүлэлтээ хангах ажиллагаа явуулж, БНХАУ, Сингапур, Малайз, Өмнөд Солонгос зэрэг улсуудтай шатахууны хэлэлцээ хийж байна. 

Мөн шатахуун түгээх станцууд дээр автомашины урт дараалал ихээр үүсэж байгааг онцолсон юм. Тиймээс Ашигт малтмал газрын тосны газраас бензин.мн аппликэйшнээр дамжуулан энэ долоо хоногт багтаан хэд хэдэн мэдээллийг бэлэн болгохоор ажиллаж байгаа ба үүнд:

Шатахуун түгээх станцууд дээр бууж байгаа нийлүүлэлтийг газар дээр нь аппликэйшнд оруулж олон нийтэд мэдэгдэх

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 264 шатахуун түгээх станцуудын шатахууны үлдэгдлийн мэдээллийг гаргах гэх мэт ажлууд багтжээ. 

Бензин.мн аппликэйшнаар дамжуулан нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төвийн камеруудтай холбогдсон учир иргэд шатахуун түгээх станцууд дахь автомашины дарааллыг харах боломжтой байна. 

“ОХУ дотооддоо шатахууны хомсдолтой байгаа ч Монгол улсад нийлүүлэх шатахуунаа таслахгүй байгаа. Хэдий бидний хүссэн хэмжээгээр өгөхгүй байгаа ч тодорхой хэмжээнд өгч байна. Өнөөдрийн байдлаар А92 төрлийн шатахуун 14 хоног, дизель түлш 31 хоногийн нөөцтэй байна. Нийт 100 мянга орчим тонн шатахуун Монгол Улсад байгаа. Энэ сард АИ92, 95 шатахууныг нийт 78 мянган тонныг авахаар гэрээ хийсэн” гэж мэдээллээ . 

Бодлого тодорхойлогч яамны хувь шатахууны хомсдол үүссэнтэй холбоотой үндэслэлгүй үнийн хэт хөөрөгдөл үүсэх асуудалд хяналт тавина. Гэхдээ үнийг тогтоох, барих ажлыг яам хийх боломжгүй. Мөн цаашид үнэ өсөх ч магадлалтай, буурах ч магадлалтай гэдгийг салбарын дэд сайд онцоллоо. 

Өмнөх сарын шатахууны нийлүүлэлтээс энэ сарын нийлүүлэлтийн үнэ 190 ам.доллароор өссөнтэй холбоотой аж ахуйн нэгжүүд үнээ нэмлээ. Тухайлбал АИ92 шатахуун литр тутамд 500-500 төгрөг нэмэгдсэн. Гэвч энэ нь ОХУ-аас оруулж ирж буй шатахууны үнийн өсөлттэй шууд холбоотой аж. 

‍

Newsletter
Follow us on social media and be up to date with the latest happenings.
Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.