.jpg)
Олон улсын зах зээлд брент төрлийн газрын тосны ханш 100 ам.доллар давсан хэвээр байна. Сүүлийн хагас жилийн хугацаанд буюу энэ оны гуравдугаар сараас хойш тус түүхий эдийн ханш өсөх чиглэлд шилжсэн. Энэ хугацаанд ханш 60 гаруй хувиар өсөөд байгаа юм.
Харин сүүлийн нэг сарын хугацаанд өсөлт, уналт хосолж байна. Тухайлбал, есдүгээр сарын 22-нд брентийн ханш 96 ам.доллар болж, буурсан ч эргэн өсөж, энэ сарын 29-ний байдлаар нэг баррель нь 102.6 ам.долларт хүрээд байна. Энэ нь өнгөрсөн сарын мөн үетэй харьцуулахад 12.6 ам.доллар буюу 14 хувиар өссөн үзүүлэлт юм.
Газрын тосны ханш геополитикийн эрсдэлээс шалтгаалан ийн өсөж байна. Иран-АНУ өнгөрсөн долоо хоногт тохиролцоонд хүрч, Ормузын хоолойг нээх хүлээлт зах зээлд үүсээд байсан ч хэлэлцээ бүтэлгүйтсэнээр газрын тосны ханш буурсан байна.
Гэхдээ Саудын Арабын Улаан тэнгисийн боомтуудаас нефтийн экспорт сэргэж эхэлсэн нь нийлүүлэлт нэмэгдэх дохио өгсөн. Ингэснээр ойрын өдрүүдэд ханш харьцангуй тогтворжоод байна.
Ираны тал Хормузын хоолойг нээхтэй холбоотой санал гаргасан ч АНУ-ын Засгийн газар үүнийг хүлээж аваагүй. Мөн Ираны эсрэг хоригийг сулруулахад бэлэн гэх мэдээллийг Америкийн Ерөнхийлөгч Трамп няцааснаар нийлүүлэлтэд эрсдэл үүсэв.
Хэдийгээр газрын тосны нийлүүлэлт аажмаар сэргэж байгаа ч ханш 100 ам.доллароос доошлохгүй байна. Одоогоор олон улсын зах зээлд оролцогчид Хормузын хоолойг бүрэн нээхийг хүлээж байна. Reuters-ийн мэдээллээр Хормузын хоолойгоор дамжих тээвэрлэлт энэ оны хоёрдугаар сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн ч хэвийн үетэй харьцуулахад доогуур хэвээр байна.