NewsUp
•
Explained
•
10.8.2026 16:49
Энэ өвөл нийт 400-430 мянган тонн түлш хэрэглэнэ 

Хүйтний улирал ирсэнтэй холбоотойгоор есдүгээр сарын 15-наас эхлэн Нийслэл хотын хэмжээнд нийт 23,107 тонн шахмал түлш борлуулжээ. Есдүгээр сард халаалтын улирал эхлэхэд 50-60 мянган тонн шахмал түлшний нөөцтэй байх шаардлагатай. Тэгвэл энэ сарын байдлаар нүүрсний үйлдвэрийн талбай болон агуулахад 52,749 тонн түлшний нөөц бүрдүүлээд байна.  

Энэ жил завсрын бүтээгдэхүүн буюу мидлингэн түлшийг зах зээлд худалдаалахгүй. Харин "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр 120 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Нүүрсний үйлдвэр 24 цагаар ажиллаж, угаасан нүүрсээр хоногт 1300-1400 тонн шахмал түлш үйлдвэрлэдэг байна. Тус түлшийг арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглээнд үе шаттайгаар нийлүүлэх юм. Харин түүнээс хойш хагас коксон нүүрсийг худалдахаар болжээ.  

2026-2027 оны халаалтын улиралд нийт 400-430 мянган тонн түлш хэрэглэх тооцоотой. Энэ өвөл түлшийг 500 гаруй цэгээр борлуулахаас 446 цэг тогтмол ажиллаж, 54 цэг нөөцөд байхаар төлөвлөснийг нийслэлийн удирдлагууд мэдэгдлээ.

Одоогоор түлшний үнэд өөрчлөлт ороогүй тул 25 килограммын савлагаатай нэг шуудай шахмал түлшийг 3,750, хагас коксжих түлшийг 5,000 төгрөгөөр худалдана. 

"Тавантолгой түлш" компанийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэнгийн мэдээлснээр, Лабораторийн шинжилгээгээр энэ жилийн түлшийг өмнөх онуудын шахмал түлштэй харьцуулахад чанарын үзүүлэлтүүд нь мэдэгдэхүйц дээшилжээ. Тиймээс энэ өвөл утаа ялгаруулалтыг 10-15 хувиар бууруулна гэж тооцоолж байна. Мөн иргэдийн худалдан авалтыг хялбарчлах үүднээс "Хотула" аппликейшнаар дамжуулан өөрт ойр байрлах түлш борлуулах цэгүүдийн байршлыг харах, хянах боломжийг шийдвэрлэжээ.

‍

Newsletter
Follow us on social media and be up to date with the latest happenings.
Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.