NewsUp
•
Explained
•
10.20.2026 14:35
Энэ өвөл цахилгаан хязгаарлах уу?

Энэ өвөл гэнэтийн осол, гэмтэл гарахгүй бол цахилгаан хязгаарлахгүй. Харин урьдчилсан тооцоолоогүй осол, гэмтэл гарвал хязгаарлахаас өөр аргагүй гэдгийг холбогдох албаныхан мэдэгдэж байна. 

Өвлийн ид хүйтэн, оргил ачааллын үед эрчим хүчний дутагдлыг хөрш орнуудаас импортлох болон шинээр ашиглалтад орох станцуудаар нөхөж, эрчим хүчний хангамжийг бүрдүүлнэ. 

Өнгөрсөн жил Бөөрөлжүүтийн цахилгаан станцтай холбоотой асуудал гарч, нэгдүгээр сард эрчим хүчний дутагдал үүссэний улмаас хэрэглээний хязгаарлалт хийсэн. Ийм нөхцөлд хэрэглээний хязгаарлалтыг хэрхэн хийх талаараа урьдчилсан төлөвлөгөө гаргажээ. 

Нийслэлийн хэрэглээг нэг удаад 70 МВт-ын ачааллыг ээлжлэн хязгаарлах 14 бүлэг бүхий таслалтын график гаргаж, хэрэглээг хязгаарлана. 70 МВт-ын ачаалал нь ойролцоогоор арван аймгийн хэрэглээтэй дүйцэх хэмжээ юм.

Нэг бүлгийн хэрэглээг хязгаарлаж, нөгөө бүлгийг залгахдаа аль болох хоёр цагаас хэтрэхгүй байхыг зорино. Зарим тохиолдолд хоёр цагаас бага зэрэг хэтэрч магадгүй. Эрчим хүчний салбарынхан ийм эрсдлийг аль болох багасгаж, үүссэн дутагдлыг нөхөхийн төлөө ажиллаж байна гэж "Диспетчерийн үндэсний төв"-ийн Ерөнхий диспетчер Ч.Амарсанаа мэдэгдсэн байна.

Урьдчилан мэдэгдээгүйн улмаас тог гэнэт тасрах үед иргэд бухимддаг. Гэвч эрчим хүчний системийн өнөөгийн нөхцөл байдлаас шалтгаалан бүх тасралтыг урьдчилан мэдээлэх боломж хязгаарлагдмал байна. 

‍

Newsletter
Follow us on social media and be up to date with the latest happenings.
Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.