.webp)
УИХ 2026 оны төсвийн тодотголыг баталж, ирэх 11 дүгээр сарын 1-нээс цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхээр боллоо.
Тэтгэвэр: Улсын хэмжээнд нийт 435 мянган ахмад настны суурь тэтгэвэр 100-300 мянган төгрөгийн хооронд нэмэгдэх юм. Ингэхдээ иргэдийн өмнө нь төлж байсан нийгмийн даатгалын шимтгэл, улсад ажилласан жилээс хамааран харилцан адилгүй тооцно. Салбар хоорондын тэтгэврийн зөрүүг арилгах зорилгоор 2014 оноос өмнө тэтгэвэрт гарсан төрийн үйлчилгээний салбарын 141 мянган ахмадын тэтгэвэр бодох цалингийн жишгийг 1.4-2.4 сая төгрөг болгон дээшлүүлэхээр болжээ. Энэхүү өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд шаардагдах 363 тэрбум төгрөгийг 2027 оны улсын төсөвт тусгасан байна. Цаашид инфляцын түвшинтэй уялдуулан тэтгэврийн хэмжээг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс дахин 10 хувиар өсгөхөөр төлөвлөөд байгаа аж.
Тэтгэмж: Төсвийн тодотголоор нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг ирэх сарын 1-нээс нэмэгдүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн тэтгэврийг 26 хувиар өсгөсөн бөгөөд үүнд улсын төсвийн тодотголоор 84.7 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт шийдвэрлэжээ. Түүнчлэн байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж болон ахмад настан, тэжээгчээ алдсан хүүхэд, өрх толгойлсон эцэг эх зэрэг халамжийн тэтгэвэр авдаг нийт 6,307 иргэний тэтгэмжийг тус бүр 600 мянган төгрөг болгон дээшлүүлж байна.
Үүний зэрэгцээ байнга асаргаа шаардлагатай иргэнийг асарч буй 88,307 иргэний сарын тэтгэмжийг 330 мянган төгрөгөөс 370 мянган төгрөг болгон нэмэгдүүлэхээр баталлаа.
Цалин: Төрийн үйлчилгээний зарим салбарын ажилтнуудын цалинг бодитоор нэмэгдүүлэхээр тусгасан. Өмнө нь ялгаатай тогтоогддог байсан эмч болон төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн нэмэгдлийг жигд 50 хувьд хүргэн тогтворжуулахаар улсын төсвөөс 170.1 тэрбум төгрөг төсөвлөжээ. Тухайлбал 11 дүгээр сарын 1-нээс эрүүл мэндийн салбарынхны цалинг 20 хувиар, шинжлэх ухааны салбарын цалинг 35 хувиар, бусад төрийн үйлчилгээний ажилтнуудын цалинг 50 хувиар тус тус нэмэхээр болов.
Төсвийн тодотголд стратегийн чухал нөөц бүрдүүлэх санхүүжилтийг шинээр тусган баталлаа. Ингэснээр ирэх онд анх удаа 20 мянган тонн мах, 12 мянган тонн хүнсний ногоо, 100 мянган тонн улаанбуудай болон шатахууны нөөц бүрдүүлэх боломжтой болж байна. Уг нөөцийг бүрдүүлэхэд төсвийн тодотголд 140 тэрбум төгрөгийг тусгайлан тусгажээ.