Шатахуун түлшний хомсдолын тухай хангалттай ярилаа. Харин одоо шийдлийн талаар ярилцъя. Төр, иргэн, аж ахуйн нэгж гээд бүгд дор бүрнээ хичээж байж, хамтдаа энэ хямралыг даван туулж чадна.
Орос-Украин, АНУ-Ираны дайн хэзээ дуусах нь тодорхойгүй, Дорноговь аймагт баригдаж буй нефтийн үйлдвэр 2028 оноос өмнө ашиглалтад орох магадлал бага тул түлш шатахууны дутагдлыг шийдэх бодит гарц шийдэл, арга замыг эрэлхийлэхээс өөр гарцгүй болж байна. Иймд түлшний хомсдолыг даван туулах үр дүнтэй арга зам, бодит туршлагыг хүргэж байна.
Иргэн
Иргэд, айл өрхүүд шатахуун түлшний яаж хомсдолыг даван туулах вэ?
- Бүх ажлаа нэг гаралтаар амжуул. Банк, дэлгүүр, эмнэлэг, эмийн сан зэрэг ажлаа нэг маршрутаар амжуулах арга замыг сонгох нь зүйтэй. Ингэснээр автомашины хөдөлгүүрийг олон удаа асаах шаардлагагүй болж шатахууны хэрэглээг мэдэгдэхүйц бууруулна.
- Идэвхтэй дасгал хөдөлгөөнийг илүүд үзэх. Ойрын зайд алхах, дугуй унах эсвэл нэг чиглэлтэй хүмүүс хамт явснаар түлш хэмнэх боломжтой.
- Нийтийн тээвэрт шилжих. Бодлого тодорхойлогчид онцгой байдлын үед автобус нийтийн тээвэрт шатахууны нөөцийг тэргүүн ээлжид хуваарилдаг тул энэ нь найдвартай сонголт юм.
- Баталгаат мэдээлэлд итгэ. “Маргааш шатахуун тасарна” гэх мэт баталгаагүй мэдээлэл хамгийн урт дарааллыг бий болгодог. Албаны эх сурвалж болон шатахуун импортлогчдын мэдээллийг дагаж шийдвэр гаргах нь илүү найдвартай бөгөөд цаг зав, түлш үрэхээс сэргийлнэ.
Байгууллага, ААН
Албан байгууллага, бизнес эрхлэгчид яаж даван туулах вэ?
- Шаардлагагүй автомашины хөдөлгөөнийг багасгах. Онлайн уулзалт, зайнаас ажиллах боломжтой ажилтнуудыг түр хугацаанд гэрээс нь ажиллуулах.
- Тээврээ нэгтгэх. Нэг чиглэлд явах ажилтнуудыг хамт зорчуулах, хүргэлтийн маршрутыг дахин төлөвлөх.
- Шатахууныг эрэмбэлэн хуваарилах. Борлуулалт, хүргэлт, үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагаанд шаардлагатай автомашинуудад нэн тэргүүнд олгох.
- Нөөцөө урьдчилан бүрдүүлэх. Түүхий эд, бараа материалын аюулгүйн нөөцийг нэмэгдүүлж, өдөр бүр тээвэр хийхээс зайлсхийх.
- Харилцагч, нийлүүлэгчтэйгээ эрт холбоо барих. Хүргэлт саатах эрсдэлийг урьдчилан мэдэгдэж, хуваариа шинэчлэх.
- Бэлэн мөнгө, мөнгөн урсгалаа хамгаалах. Хүргэлтийн саатлаас үүдэн орлого хойшлох эрсдэлтэй тул шаардлагагүй зардлыг түр хойшлуулах.
Төр засаг
Монголтой адил шатахууны импортоос өндөр хамааралтай орнууд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
- Кыргызстан: Шатахуун түлшний нийлүүлэлт доголдох эрсдэл үүсмэгц Казахстан, Беларусь, Азербайжан зэрэг хөрш орнуудаас дэмжлэг хүсч, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх арга хэмжээг шуурхай хэрэгжүүлжээ.
- Филиппин: Шатахууны үнэ огцом өсөх үед төрөөс үнийн дарамтыг бууруулах арга хэмжээ авсан.
- Индонез: Шатахууны хэрэглээг хязгаарлаж, автомашины өдөрт авах түлшний дээд хэмжээг тогтоосон.
- Вьетнам: Дотоодын нефть боловсруулах үйлдвэрүүддээ түшиглэн импортын хамаарлаа бууруулах бодлого барьж байна.
Эдгээр жишээнээс харахад улс орнууд хомсдол нүүрлэсний дараа биш, харин эрсдэл үүсэхээс өмнө бэлтгэлээ хангаж байна.
Дэлхий дахинд шалгарсан туршлага
Томоохон улс орнууд болон олон улсын байгууллагууд шатахууны хямралын үед богино болон урт хугацааны арга хэмжээг хослуулж байна.
Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) зах зээлд нийлүүлэлт тасалдах үед стратегийн нефтийн нөөцийг ашиглан үнийн огцом өсөлтийг тогтворжуулах арга хэмжээ авдаг. Үүний зэрэгцээ олон улс шатахуун хэмнэх бодлого хэрэгжүүлж, нийтийн тээвэр, цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд анхаарч байна.
Жишээлбэл, Их Британи 2022 онд цахилгаан эрчим хүчнийхээ 40 хувийг сэргээгдэх эх үүсвэрээс үйлдвэрлэснээр импортын түлшний хамаарлаа бууруулахыг зорьж байна. Харин Норвеги улс цахилгаан автомашины хэрэглээг эрчимтэй дэмжсэнээр бензин, дизель түлшний хэрэглээг бууруулах чиглэлд амжилттай ажиллаж байгаа орны нэг болсон.
Хот суурин газарт тогтвортой тээврийн бодлого хэрэгжүүлж байна. Тухайлбал Лондон хотын Ultra-Low Emission Zone (ULEZ) бүс нь утаа их ялгаруулдаг автомашиныг хязгаарлаж, цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэсээр байна.
Монгол Улс юу хийх хэрэгтэй вэ?
- Импортын эх үүсвэрийг нэмэгдүүлэх. Нэг улсаас хэт хамаарах бус, олон эх үүсвэртэй болох нь нийлүүлэлтийн эрсдэлийг бууруулна.
- Стратегийн нөөц бүрдүүлэх. Шатахууны хомсдол үүссэн үед хэдхэн хоногийн нөөцтэй байх биш, тодорхой хугацааны хэрэглээг хангах нөөцтэй байх шаардлагатай.
- Хэрэглээг бууруулах бодлого хэрэгжүүлэх. Нийтийн тээврийг илүү хөгжүүлэх, цахилгаан болон хэмнэлттэй автомашины ашиглалтыг дэмжих нь урт хугацаанд шатахууны дарамтыг бууруулна.
- Нефтиэ дотооддоо нэрэх. Дорноговь аймгийн Алтанширээт суманд баригдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийг аль болох богино хугацаанд ашиглалтад оруулахад анхаарах.
Эцэст нь, шатахуун түлшний хямралын үед бэлэн байдал, оновчтой төлөвлөлт ямар чухал болохыг энэ удаад ч бид ойлголоо. Иргэд, аж ахуйн нэгжүүд ч сургамж авч, цаашид хэрхэн даван туулах арга зам, стратегитай болох нь дамжиггүй. Харин энэ үйл явдлаас төр засаг, бодлого тодорхойлогчид сургамж авч чадсан болов уу.