
Казахстан улс хүн дүрст роботын анхны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг энэ наймдугаар сараас эхлүүллээ. Улмаар тус улс ирэх оноос хүн дүрст робот үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байна.
QAZBOT нэртэй тус үйлдвэрийн цогцолборыг Астана хотод байгуулж байгаа бөгөөд эхний шатны хөрөнгө оруулалт нь 200 сая орчим ам.доллароор хэмжигдэж байгаа юм.
Энэ төслийн хүрээнд робот технологи болон хиймэл оюуны судалгаа, инженерчлэл, үйлдвэрлэлийг нэг дор төвлөрүүлж, бодит хэрэглээнд нэвтрүүлнэ.

QAZBOT цогцолборт робот угсралтын үйлдвэрээс гадна программ хангамж болон хиймэл оюуны загвар хөгжүүлэх, роботын системийг туршиж, нутагшуулах, инженерүүдийг сургах судалгаа, хөгжүүлэлтийн төвийг нээнэ.
Казахстаны робот бүтээх төслийн технологийн стратегийн түншээр Шанхайд төвтэй “AgiBot” компани ажиллаж байна. “AgiBot” компанийн хүн дүрст робот нь эд зүйлсийг өргөх, зөөх, ангилах зэрэг үйлдлийг гүйцэтгэх чадвартай. Казахстан улс анхны хүн дүрст роботуудаа үйлдвэрлэл, логистик, санхүү, эрүүл мэнд, боловсрол, төрийн үйлчилгээнд ашиглана.