NewsUp
•
Explained
•
9.10.2026 16:22
Монгол Улс боловсролын чанараар 91 орноос 49 дүгээр байранд эрэмбэлэгдлээ

Олон улсын суралцагчийн үнэлгээний PISA-н үр дүнг танилцууллаа. Үүнээс харахад Монгол Улсын 15 настай сурагчдын сурлагын ерөнхий үзүүлэлт олон улсын дунджаас доогуур түвшинд хэвээр байна. Гэвч байгалийн ухааны хичээлийн гүйцэтгэлийн дүн ахицтай буюу 2022 оноос 12 оноогоор өсжээ. Энэхүү ахиц дэвшлийн зэрэгцээ математик болон эх хэлний унших чадварын сурлагын амжилт өмнөх үеэс тодорхой хэмжээгээр буурлаа.

Тодруулбал 2022 оны үнэлгээнд сурагчдын уншин ойлгох чадварын оноо 378 байснаас 374 болж ялимгүй буурсан. Дэлхийн орнуудын 3\4 хэсэгт энэ чадвар буурсан үзүүлэлттэй байгаа бөгөөд Монгол улс гүйцэтгэлийн түвшингээ хадгалж үлдсэн хэсэгт багтсан байна. Гэвч энэ нь эерэг үзүүлэлт мэт байгаа ч аливааг өнгөцхөн, яаран унших хандлагатай сурагчдын эзлэх хувь 8.6-10.1 болж өсжээ. Мөн сурагчид мэдээллийн эх сурвалжийг шалгадаг ч эцсийн шийдвэр гаргахдаа шинжлэх ухааны ойлголтоос илүү ам дамжсан, нийтлэг ойлголтод найддаг хэвээр байна гэсэн үр дүн гарав. 

Монгол Улсын 15 настай сурагчдын математикийн дундаж оноо 425 байснаас 419 болж буурлаа. Энэ нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын олон улсын дунджаас 44 оноогоор доогуур үзүүлэлт юм.  Түүнчлэн Монгол Улс үнэлгээнд хамрагдсан 91 орноос 49 дүгээр байранд эрэмбэлэгдсэн байна. Нэн ялангуяа сурагчдын ердөө 49 хувь нь суурь түвшний математикийн мэдлэгийг эзэмшсэн байгаа нь цаашид боловсролын чанарт анхаарах шаардлагатайг харууллаа. 

Энэ удаагийн бас нэгэн чухал үр дүн бол хичээлдээ хоцорсон, тасалсан сурагчдын эзлэх хувь Азийн орнуудын дундаж 21.8 хувь бол Монгол улсынх 22.4 хувь байв. Мөн хичээлийн хоцрогдлоор сумын сурагчид аймгийнхаас, харин аймгийн сурагчид хотын сургуулийн сурагчдаас гурван сорилд тус бүр бага дүн үзүүлсэн нь сумдын сурагчид хотын сурагчдаас 2 жилийн хоцрогдолтой байгааг илтгэх юм.

Сурагчдын сурлагын амжилт хүйсийн хувьд мэдэгдэхүйц зөрүүтэй байна. Үнэлгээний үр дүнд охидын дундаж оноо хөвгүүдийнхээс 23 оноогоор илүү гарсан. Ялангуяа байгалийн ухааны хичээлд энэ зөрүү хамгийн өндөр байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

‍

Newsletter
Follow us on social media and be up to date with the latest happenings.
Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.