
Үнийн өсөлт 12 хувь. Бид сүүлийн таван жил үнийн өндөр өсөлт дунд амьдарч байна.
Инфляц (жилийн дундаж)
Эх сурвалж: ҮСХ
Тэгвэл яагаад Монголд барааны үнэ ийм өндөр байдаг вэ. Яагаад гэдгийг 90секундэд багтаан тайлбарлая. Мэдээж, үнэ өсөхөд цар тахал, дайн байлдаан гээд биднээс хамаарахгүй, гадаад хүчин зүйл нөлөөлж байгаа. Гэхдээ бусад улс эдгээр асуудлыг бодлогоор шийдэж, үнийн өсөлтийг аль болох иргэдийнхээ нуруун дээр үүрүүлэхгүй байлгах арга хэмжээ авсаар байна.
Гэтэл Монголд эсрэгээрээ, инфляцыг өдөөх бодлогыг төр нь хэрэгжүүлж, төгрөгийн худалдан авах чадварыг дордуулж байна. Инфляцыг өсгөж байгаа төрийн эхний бодлого нь төсөв. Төрийн зардал буюу төсөв сүүлийн таван жилд хоёр дахин өслөө. Ингэж төсвөөр дамжин эдийн засаг руу гарах мөнгө нэмэгдэхийн хэрээр төгрөгийн худалдан авах чадвар буурч байна.
Төсвийн зардал
Эх сурвалж: ҮСХ
Төсвийн энэ өсөлтийг дагаад эдийн засагт эргэлдэж байгаа мөнгөний нийлүүлэлт мөн хоёр дахин нэмэгдсэн.
Мөнгөний нийлүүлэлт (M2)
Эх сурвалж: ҮСХ
Зах зээлийн хуулиар аливаа зүйл олон болохын хэрээр үнэ цэн нь буурдаг. Энэ дагуу эдийн засагт эргэлдэх мөнгөний хэмжээ нэмэгдэхийн хэрээр таны халаасанд байгаа төгрөгийн үнэ цэн, худалдан авах чадвар нь буурч байна.
Инфляц буюу үнийн өсөлт бол муу засаглал, буруу бодлогын толь. Харин энэ муу засаглалыг, буруу улстөрчдийг бид сонгосон. Одоо үүнийхээ төлөөсийг үнийн өсөлтөөр дамжуулан төлж байна. Монголд инфляц өндөр байгаад бид өөрсдөө буруутай.