NewsUp
•
Explained
•
9.11.2026 18:10
Нойрны аялал жуулчлалын зах зээл нэг их наяд ам.долларыг давна

Аялал гэхээр л өглөө эрт босоод эртний дурсгалт газруудаар хэсэх, өдөржин алхаж хоттой танилцах, эсвэл шөнө болтол зугаацах тухай төсөөлдөг цаг ард үлджээ. Орчин үеийн завгүй, стресстэй нийгэмд аялагчдын тэргүүн зорилго өөрчлөгдөж, ихийг үзэх биш, харин сайн унтаж, бие сэтгэлээ амраахыг чухалчлах болжээ. Үүнийг аялал жуулчлалын салбарт "Sleep Tourism" буюу унтлагын аялал жуулчлал хэмээн нэрлэж байна.

ДЭМБ-аас Европын орнуудын насанд хүрсэн гурван хүн тутмын нэг нь шөнө шаардлагатай найман цагийн нойроо авч чадахгүй явсаар ядаргаанд орсныг анхааруулжээ. Ийнхүү нойрны дутагдалд орсон хүмүүс аяллаар явахдаа амрахыг илүүд үзэж эхэлсэн нь “унтлагын аялал жуулчлал” хэмээх шинэ салбарыг бий болгов. 

Австрийн зочид буудлууд нойрны дасгалжуулагчтай. Зарим улсад зочид буудлууд нойр хянах тусгай үйлчилгээ үзүүлдэг. Тухайлбал,  Италийн Гарда нуурын эрэгт орших "Lefay Resort"-д 2,790 евро (3,230 ам.доллар)-гийн үнэтэй, таван шөнийн нойрны хөтөлбөрт хамрагдах боломжтой. 

Харин АНУ-д сайн унтаж амрахад тусгайлан зориулсан тансаг зэрэглэлийн "Equinox” зочид буудал бий. Таван одтой тус зочид буудал унтлагын дусал эмчилгээ, спа, ганцаарчилсан нойрны хөтөлбөрийг долоон жилийн өмнөөс санал болгож байгаа аж. 

Eminent компанийн аяллын зөвлөхийн мэдээлснээр нойрны аялал жуулчлалын зах зээл 690 тэрбум ам.долларт хүрсэн.  Мянганыхан болон “Z”  үеийнхэн зугаа цэнгэлээс илүү эрүүл мэнд, идэвхтэй амралт, амьдралын хэв маягт  ач холбогдол өгөх болсон нь үүнд томоохон түлхэц болсон. 

Сүүлийн үед “DIY Sleep Tourism” буюу “Do It Yourself Sleep Tourism” гэсэн ойлголт гарч ирсэн. Энэ нь эмнэлэг, эсвэл мэргэжилтний тусламжгүйгээр тухайн хүн өөрөө аяллаа нойроо сайжруулахын тулд төлөвлөхийг хэлнэ. Тухайлбал, шөнө гэрэл болон чимээ шуугиан бага газар сонгох, өдөрт хийх үйл ажиллагааныхаа тоог цөөлөх, унтах хангалттай цаг гаргах, байгальд ойр байх зэрэг энгийн арга замууд багтах юм. 

Дэлхий даяар нойрны ач холбогдлыг ойлгож, аяллыг ядрах шалтгаан биш, харин бие махбод болон тархиа нөхөн сэргээх боломж гэж хардаг болсон нь "Sleep Tourism"-ийн гол утга учир юм.

‍

Newsletter
Follow us on social media and be up to date with the latest happenings.
Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.