NewsUp
•
Explained
•
10.23.2026 17:08
“Онтрэ Ресурс”: “Оюу Толгой” ХХК-д лиценз шилжүүлэх алхмаа ахиулна

Маргаан дагуулаад буй “Онтрэ Ресурс” компани 31.9 хүртэлх сая канад долларын хөрөнгө оруулалт татахаар болсноо зарлалаа. Уг хөрөнгө оруулалтыг  криптовалютын "Tether" группийн оролцоотой татахаар төлөвлөж байна. 

Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй тус компани хувьцаагаа хаалттай хүрээнд санал болгож, санхүүжилтийг босгоно. Харин уг хөрөнгө оруулалтаар Монгол дахь лиценз болон бусад үйл ажиллагаанд зарцуулна. Тухайлбал, Оюутолгой болон Онтрэгийн хамтарсан үйлдвэрийн төсөл дэх компанийн эзэмшлийн оролцоотой холбоотой техникийн тайланг шинэчлэх ажлыг санхүүжүүлэх, Монгол Улс дахь үйл ажиллагаа, оролцоогоо өргөжүүлэх зэрэг багтаж байгаа юм.

Тус компанийн гүйцэтгэх захирал Крис Адамсын мэдээлснээр"Онтрэ Ресурс" болон “Оюу толгой” ХХК-ийн хамтарсан талбайн ашиглалтын хоёр тусгай зөвшөөрлийг "Оюу толгой" ХХК-ийн нэр дээр шилжүүлэх ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Мөн уг талбай дахь төрийн эзэмшлийн хувийг шийдвэрлэхээр Засгийн газрын Ажлын хэсэгтэй хийх хэлэлцээрийн санхүүжилтийг шийдэж байгаа аж. 

Хөрөнгө оруулалтын хэлэлцээг энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан эцэслэх төлөвтэй байна. Харин энэхүү асуудлын талаар Ерөнхий сайд Н.Учрал “Стратегийн орд, лиценз шилжих эсэх асуудлыг зөвхөн УИХ шийддэг. Тиймээс Онтрэтэй холбоотой хэлэлцээрийг бие даасан хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж УИХ-аар оруулж баталсан цагт л шийднэ” гэж мэдээллээ. 

“Онтрэ Ресурс” нь Канадын Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, уул уурхайн хөрөнгө оруулалт болон лиценз эзэмшигч компани юм. Тус компани Монгол дахь Оюу толгойн ордын хамгийн өндөр агуулгатай хэсгийн лицензийг эзэмшдэг. Оюутолгойн ордод таван лиценз олгосны хоёр нь “Онтрэ Ресурс” эзэмшилд байдаг. 

Иймд тус талбайгаас Монголын талын авах хувь хэмжээ болон лиценз шилжүүлэх асуудал одоогоор эцэслэн шийдэгдээгүй байна. 

‍

Newsletter
Follow us on social media and be up to date with the latest happenings.
Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.