
Рио Тинто группийн зэсийн үйлдвэрлэлийн тал хувийг энэ оны эхний өсөн сард Оюутолгой төсөл бүрдүүлсэн байна. Тус төсвийн баяжмал дахь зэсийн үйлдвэрлэл 2026 оны III улиралд өмнөх оноос 27 хувиар өсөж, 114 мянган тоннд хүрчээ. Ингэж үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдсэн нь Рио Тинто группийн зэсийн бусад төслийн гарцын бууралтыг бүрэн нөхсөн байна. Олон улсын зах зээл дээрх зэсийн ханш 14600-14800 ам.долларт хүрч, түүхэн дээд түвшиндээ хэлбэлзэж байна. Энэ үед Оюутолгойн гүний уурхайн үйлдвэрлэл ийнхүү идэвхжсэн нь манай улсын экспорт, валютын орлогод өндөр дэмжлэг болж байна.
Сэргээгдэх эрчим хүч болон дата төвүүдийн хөгжлөөс үүдэлтэй дэлхийн зэсийн эрэлт хурдтай өсөж буй энэ үед Оюутолгой төсөл нь тус группийн ашигт ажиллагааны гол тулгуур болж буй юм. Энэ оны эхний есөн сард Оюутолгой нийт 312 мянган тонн зэс олборлосон бөгөөд Рио Тинто групп 2026 оны эхний хагасын байдлаар нийт ашгийнхаа 33 хувийг зэсийн бизнесээсээ бүрдүүлснийг тайландаа дурджээ.
Засгийн газар 2027 оны төсвийн төсөлдөө "Оюутолгой" ХХК-иас орж ирэх ногдол ашгийг 3 их наяд төгрөг байхаар тооцож мэдээлсэн. Үүнийг хэрхэн зарцуулах талаар олон нийтийн саналыг “e-mongolia” болон “e-zasag.mn” цахим системээр дамжуулан цуглуулж эхлээд байна. Энэхүү ногдол ашгийн 1 их наяд төгрөгийг Иргэдийн хуримтлалын санд төвлөрүүлэх саналтай байгаа ч Рио Тинто болон "Оюутолгой" ХХК-ийн талаас ногдол ашгийн дүн, олгох хугацааг эцэслэн баталгаажуулаагүй юм.