
ОХУ-ын хөнгөн цагаан үйлдвэрлэлийн томоохон компани болох "Русал" групп Улаанбаатар хотын ойролцоо 20 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар кабелийн үйлдвэр барихаар төлөвлөж байна.
Уг үйлдвэр ашиглалтад орсноор ОХУ-аас гол түүхий эд болох хөнгөн цагааныг нийлүүлж, Монголд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Эхний шатанд жилд 4500 тонн хөнгөн цагаан хайлшин хүчний кабель болон утас дагнан үйлдвэрлэх юм. Цаашид дотоодын зах зээлийн хэрэгцээтэй уялдан хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлэх боломжтойг төсөл хэрэгжүүлэгчид онцоллоо.
Энэ төсөл нь Улаанбаатар хотод байрлах ТЭЦ-3-ын шинэчлэл зэрэг том төслүүд болон Орос, Монголын эрчим хүчний хамтын ажиллагаатай уялдаж байна. Одоогоор нарийвчилсан техникийн шийдлүүдийг боловсруулж байгаа юм.
Шинжээчдийн тооцсоноор тус үйлдвэр бүрэн чадлаараа ажиллаж эхэлснээр манай улсын кабелийн бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээний 30 гаруй хувийг бие даан хангах боломжтой болно. Ингэснээр валютын гадагшлах урсгалыг хумьж, импортоос нэн хамааралтай эрчим хүч, уул уурхай, барилгын салбаруудыг дотоодын эх үүсвэрээр тасралтгүй, түргэн шуурхай хангаж эхлэх юм. Мөн өндөр мэргэжлийн 150 шинэ ажлын байр бий болох ач холбогдолтой.
Эрчим хүчний салбарт томоохон шинэчлэл хийгдэж буй энэ үед кабелийн үйлдвэрлэлийг дотооддоо нутагшуулах нь тээвэр, логистикийн өндөр зардлыг хэмнэж, дэд бүтцийн төслүүдэд шаардлагатай кабелийг цаг алдалгүй, шууд нийлүүлэх давуу талтай.