NewsUp
•
Exclusive
•
10.22.2026 16:45
Таны тэтгэврийг ирэх сараас хэрхэн тооцох вэ?

Ахмадуудын тэтгэврийг ирэх сарын 1-нээс эхлэн шинэ аргачлалаар тооцохоор болсон. Хэрхэн тооцох тухай товч мэдээллийг хүргэж байна. 

Тэтгэвэр, нийгмийн даатгалын хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор өндөр настнуудын тэтгэврийг гурван шатлалаар тооцдог болсон. 

Тэтгэврийн шинэ тогтолцоо:

  1. Суурь тэтгэвэр
  2. Нийгмийн даатгалын тэтгэвэр
  3. Хувийн нэмэлт тэтгэвэр

Суурь тэтгэвэр нь ахмадуудад тэтгэврийн хэмжээ болон ажилласан хугацаанаас нь хамааран 100,000-300,000 төгрөгийн суурь тэтгэвэр юм. Энэ тэтгэвэр нь бага орлоготой ахмадуудыг орлогын нэмэлт баталгаагаар хангах зорилготой юм байна.  

Нийгмийн даатгалын тэтгэвэр нь суурь тэтгэвэр дээр нэмж олгох шатлал юм.  Энэ нь одоо үйлчилж байгаа тэтгэвэр тооцох арга бөгөөд тухайн иргэний нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа болон шимтгэлийн хэмжээнээс нь хамааран тэтгэврийн хэмжээг тогтоох юм. 

Хувийн нэмэлт тэтгэвэр нь  ажил олгогч болон иргэн буюу даатгуулагч хоёр тохиролцож чадвал нийгмийн даатгалын шимтгэлээ нэмэлтээр хувийн тэтгэврийн сангуудад төлснөөр ирээдүйд авах шатлал юм. Гэхдээ энэ нь заавал төлөх ёстой шимтгэл биш бөгөөд иргэд өөрийн сонголтоор буюу сайн дурын шинжтэй юм. 

Тухайлбал, нийт 20 жил ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн иргэний одоо авч буй 769,000 төгрөгийн тэтгэвэр дээр суурь тэтгэврийн 201,550 төгрөг нэмэгдсэнээр сарын нийт тэтгэвэр нь 970,550 төгрөг болно. Харин 30 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн иргэний нэг сая төгрөгийн үндсэн тэтгэвэр дээр 240,000 төгрөг нэмэгдэж, сарын нийт тэтгэвэр нь 1,240,000 төгрөг болно гэж Засгийн газраас мэдээллээ.

Мөн хуульд орсон өөрчлөлтийн хүрээнд тэтгэврийн хэмжээ тогтоох хугацааг өөрчилсөн. Өмнө нь тэтгэврийн хэмжээг тогтоохдоо нийгмийн даатгалын шимтгэл төлсөн дараалсан 5 жилийн цалин хөлсний дунджыг харгалзан тооцдог байсан бол энэ хугацааг үе шаттайгаар 10 жил болгон сунгахаар болсон байна. Гэхдээ энэ зохицуулалт нь одоо биш 2033 оноос хэрэгжиж эхэлнэ.

Үүнээс гадна бас нэг зохицуулалт орсон нь хэдийгээр тэтгэвэр тогтоолгох нас болсон ч үргэлжлүүлэн ажилласан тохиолдолд ажилласан нэг жил тутамд тэтгэврийн хэмжээг 4 хувиар нэмэгдүүлнэ. Харин тэтгэврийн ердийн наснаас эрт тэтгэвэрт гарсан тохиолдолд ажиллаагүй 1 жил тутамд тэтгэврийн хэмжээг 4 хувиар бууруулахаар заасан байна. 

Тэтгэвэрт гарсан иргэн хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлнө гэх мэт ахмадын тэтгэвэртэй холбоотой зохицуулалтуудыг хуулийн шинэчлэлд тусгасан байна.

‍

Newsletter
Follow us on social media and be up to date with the latest happenings.
Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.