.jpg)
Улсын ургацын комиссын мэдээлснээр энэ оны аравдугаар сарын байдлаар нийт 134.3 мянган тонн төмс, 138.4 мянган тонн хүнсний ногоо хураан аваад байна. Энэ нь төлөвлөсөн төмсний ургацын 79.9 хувьд хүрээд байгаа бол хүнсний ногооны хувьд урьдчилсан балансаар 218.4 мянган тоннд хүрэхээс 63.4 хувийг хураан авчээ.
Энэ оны төмс, хүнсний ногооны ургац хураалт техникийн болон хүний нөөцийн хангалт сайтай, төлөвлөсөн хугацаанд үргэлжилж байгааг салбарын яамнаас онцоллоо. Гэвч хүнсний ногооны ургацыг өмнөх онтой харьцуулахад зарим нутгаар цаг агаар сэрүүссэний улмаас 21.4 мянган тонноор (8.9 хувиар) буурах урьдчилсан төлөв гарсан байна. Харин төмсний ургац өмнөх оноос 54.1 мянган тонноор буюу 47.4 хувиар өсжээ.
Ургацын урьдчилсан балансаар манай улс дотоодын хэрэгцээт төмсөө 100 хувь, хүнсний ногооны 67 орчим хувийг эх орныхоо хөрсөнд тариалсан ургацаар хангах боломжтой болж, зах зээлд нийлүүлэлт тогтвортой үргэлжлэх нөхцөл бүрдэж байна.