.jpg)
Украины армийн ашиглаж буй "SpaceX" компанийн "Starshield" хиймэл дагуулын сүлжээний хурд саарч, томоохон доголдол үүсээд байна. Уг сүлжээ нь Украины цэргийн дрон болон агаарын довтолгооноос хамгаалах системийг тасралтгүй интернэтээр хангадаг чухал хэрэгсэл юм. Цэргийн төхөөрөмжүүдийн хөдөлгөөний хурдыг цагт 160 км-ээс дээш хэтрүүлэхгүй байх тусгай хязгаарлалтыг тус сүлжээнд тогтоосон байна. Ингэснээр Украины зарим дрон болон төхөөрөмжүүд сүлжээнээс тасарч, даалгавраа цуцлахад хүрээд байгаа аж.
Мөн АНУ-аас Украины армид тогтмол илгээдэг тагнуулын мэдээлэл саатаж, агаарын довтолгооны урьдчилсан сануулга зогсжээ. Үүний улмаас Оросын тал Киевийн төв цахилгаан станц болон орон сууц руу пуужингаар цохилт өгөхөд Украин агаараас хамгаалах боломжгүй болж, ихээхэн хохирол амсаад буй юм.
Энэ асуудалд Киевийн эрх баригчид Вашингтоныг шууд буруутгаж байна. Ерөнхийлөгч Володимир Зеленский АНУ-ын талаас ямар ч албан ёсны тайлбар өгөөгүй гэдгийг онцоллоо. Тэрээр энэхүү техникийн хязгаарлалтын цаана АНУ-ын улс төрийн дарамт, шахалт бий хэмээн мэдэгдэв.
"SpaceX" компаниас хиймэл дагуулын системд хязгаарлалт хийх чиглэлийг АНУ-ын Батлан хамгаалах яам болон Цагаан ордноос өгдөг гэж мэдэгдсэн. Харин Америкийн Засгийн газраас үүнийг "SpaceX" компанитай холбоотой хэмээн тайлбарлаж, талууд бие биенээ буруутгасаар байна. Гэвч "Reuters" болон "The Wall Street Journal" (WSJ) зэрэг эх сурвалжийн мэдээлснээр, Цагаан ордны эрх баригчид Илон Масктай зөвлөлдсөний үндсэн дээр Украины цэргийн сүлжээг саатуулсан байж болзошгүй байна.