.jpg)
Энэ долоо хоногийн байдлаар улсын хэмжээнд 273.9 мянган тонн үр тариа хураан аваад байна. Ингэснээр бид төлөвлөсөн үр тарианыхаа тэс хагасыг хураагаад байгаа нь энэ юм. Өөрөөр хэлбэл, ургацын урьдчилсан балансаар энэ намар 555.3 мянган тонн үр тариа хураан авахаар төлөвлөсөн юм. Үүнээс 497 мянган тонн нь улаанбуудай байх төлөвтэй байна.
Намрын ургац хураалт цаг агаарын таатай нөхцөлд, төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгааг салбарын яамнаас мэдээллээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатын онцолсноор, манай улс энэ жил улаанбуудай, гурилын хэрэгцээгээ 100 хувь дотоодоосоо хангаж буй. Мөн ирэх онд ч улаанбуудай болон төмсний хэрэгцээгээ бүрэн эх орны хүнсээр хангах боломжтойг салбарын сайд мэдээлэв.
2025 онд улаанбуудайн тариалалт өмнөх оноосоо 15 хувиар буурсан. Гэхдээ энэ онд улаанбуудайн ургац 229.6 мянган тонноор буюу 85.8 хувиар өссөн байна.
Манай улсын гурилын дотоодын хэрэглээг хангахад 320 мянган тонн улаанбуудай шаардлагатай. Тэгвэл энэ намрын улаанбуудайн ургац дотоодын хэрэгцээнээс давах төлөвтэй байгаа нь гурилын нийлүүлэлт тасралтгүй үргэлжилж, зах зээлд үнэ тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлж байна.