.jpg)
Эрчим хүчний зохицуулах хорооноос энэ оны 5 дугаар сарын 29-нд баталсан тогтоолын дагуу Нийслэлийн орон сууцны айл өрхүүдийн ус, дулааны төлбөрийг шинэчилсэн журмаар тооцон авч байна. Тодруулбал, ус, дулааны төлбөрийг тоолууртай эсэх, ам бүлийн тоо болон байрны талбайн хэмжээнээс хамааран тооцдог болжээ. Үүнд,
Усны тоолууртай өрхүүд
Цэвэр ус (нэг шоо метр) - ₮2000
Бохир ус (нэг шоо метр) - ₮1820
Ахуйн халуун ус халаалт (нэг шоо метр) - ₮1714
Харин усны тоолуургүй өрхүүд бодит хэрэглээнээс үл хамааран зөвхөн ам бүлийн тоогоор төлбөрөө төлнө. Өөрөөр хэлбэл сард:
(Нэг хүн тутамд)
Цэвэр усны төлбөр - ₮18,414
Бохир усны ₮16,430
Дулааны улирлын халуун ус халаалтад - ₮1964 гэх мэт тооцож байна. Үүн дээр нэмээд өрх бүр сар бүр цэвэр усны 3,125, бохир усны 625 төгрөгийн суурь хураамж төлөх зохицуулалттай. Энэхүү суурь хураамж нь тухайн өрх сард ус огт хэрэглээгүй байсан ч заавал төлөх тогтмол зардал юм. Уг суурь хураамжийг нийслэлийн цэвэр, бохир усны шугам сүлжээний бэлэн байдал, засвар арчилгаа, цэвэрлэх байгууламжийн тасралтгүй үйл ажиллагааг хангахад зарцуулдаг байна.