
Венесуэл улсын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Делси Родригес ирэх таван жилд газрын тос, хийн салбартаа 76 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татна гэдгээ мэдэгдлээ.
Тус улс АНУ-ын дэмжлэгтэйгээр эрчим хүчний салбараа гадаадын хөрөнгө оруулагчдад дахин нээгээд буй юм. Энэхүү томоохон төслүүдэд АНУ-ын тэргүүлэгч "North American Blue Energy Partners" болон "Chevron" компани оролцож байгаа бөгөөд 324,000 гаруй шинэ ажлын байр бий болно гэсэн тооцоо гарчээ.
АНУ-тай байгуулсан 61 хэлэлцээрийн хүрээнд газрын тосны 17 талбайд 250 өрмийн цамхаг шинээр ажиллуулахаар төлөвлөөд байна. Мөн Д.Родригес баруун бүсийн Зулиа мужид газрын тосны олборлолт сэргэж байгааг онцлов. Тодруулбал, өдөрт 70,000 баррель байсан олборлолт 370,000 болж өссөн. Оны эцэст 400,000 баррельд хүргэх зорилт тавьжээ.
Венесуэлийн газрын тосны олборлолт хөрөнгө оруулалтын дутагдал, төрийн өмчит PDVSA компанийн үйл ажиллагааны доголдол болон АНУ-аас эрчим хүчний салбарт нь тавьсан хориг арга хэмжээнүүдийн улмаас ихээхэн уналтад ороод байсан юм.