NewsUp
•
Explained
•
10.19.2026 16:18
Япон улс гадаад иргэдэд тавих оршин суух шаардлагыг чангатгаж байна

Японы Засгийн газар тус улсад зорчих болон орших суух гадаад иргэдтэй холбоотой бодлогоо шинэчлэхээ мэдэгдлээ. Энэ бодлогыг 2027 оны гуравдугаар сарын эцэс гэхэд эцэслэн шийдвэрлэх юм. 

Гэхдээ зарим зохицуулалт нь энэ оны аравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн. Тодруулбал, энэ оны аравдугаар сарын 1-нээс визний хугацаа сунгах, оршин суух статусаа өөрчлөх болон байнгын оршин суух визний хураамж нэмэгдсэн. Хураамж нь өмнөх оноос 8-20 дахин өсжээ. 

Жишээлбэл, оюутны хоёр жилийн виз сунгахад 6,000 иен (130 мянга гаруй төгрөг) байсан бол одоо 48 мянган иен ( 1.1 сая төгрөг) болсныг Японы Цагаачлалын албанаас мэдээллээ. 

  Мөн виз сунгах хүсэлтийг шийдвэрлэхдээ татвар, эрүүл мэндийн даатгал, тэтгэврийн шимтгэлийн төлөлт болон бусад хууль ёсны үүргийн биелэлтийг харгалздаг болсон. Энэ нь шинэ Засгийн газрын бодлогын нэг хэсэг юм. 

Япон улсад 4.2 сая гадаад иргэн оршин суудаг. Дийлэнх нь Хятад, Вьетнам, Непал, Шри Ланка зэрэг улсын иргэд аж. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт ажиллах хүний нөөц хомс тул гадаад иргэдийг хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулдаг.  

Гэсэн хэдий ч хууль бусаар оршин суух гадаад иргэд нэмэгдэж, хууль зөрчих зэрэг асуудлууд үүсэж байгаа учраас Японы Засгийн газраас оршин суух шаардлагыг чангатгаж байна. Мөн цагаачлалын удирдлагын зардлыг гадаад иргэдэд зохистой хэмжээнд хуваалцуулах хэрэгтэй гэж үзжээ. 

Түүнчлэн 2027 оны дөрөвдүгээр сарын 1-нээс зарим тусгай ур чадварын ангилалд Япон хэлний дунд түвшин буюу N3-аас дээш түвшний мэдлэгийг шаардахаар байна. Үүний улмаас энэ оны Япон хэлний түвшин тогтоох шалгалт болон тусгай ур чадварын шалгалтын бүртгэл дүүрсэн байна. 

Мөн Япон улсад зорчихоор зорьж буй иргэдэд зориулан хил нэвтрэхээс өмнө мэдээллээ оруулах JESTA систем бий болгож буйгаа зарласан. Ингэснээрээ тухайн хүний мэдээллийг урьдчилан шалгах боломжтой болох юм. Цаашид зөвшөөрөлгүй ажил эрхлэлтийг зогсоох, хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг албадан гаргах арга хэмжээг авах аж. Эрх баригчид мөн гадаад иргэдийн газар худалдан авах, ялангуяа үндэсний аюулгүй байдлын асуудал үүсэж болзошгүй тохиолдолд илүү хатуу хяналт тавихаар ажиллаж байна. 

‍

Newsletter
Follow us on social media and be up to date with the latest happenings.
Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.